“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүлэх үр нөлөөг сайжруулахад Иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” төслийн нээлт өнөөдөр Эрүүл мэндийн яамны хурлын танхимд боллоо.
Европын холбооны санхүүжилтээр “Тэгш нийгэм холбоо” ТББ, Италийн АИФО байгууллагаас хамтран хэрэгжих энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх байгууллагууд, Иргэний нийгмийн болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчилд хариу үзүүлэхийн тулд төвлөрлийг сааруулсан тогтолцоог бэхжүүлэх мониторинг механизм байгуулах зорилгоор 24 сарын хугацаатай хэрэгжих юм.
Төслийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх Ч.Ундрахбаяр, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлстийн дарга Адриен Мүрг, “Тэгш нийгэм холбоо” ТББ-ын тэргүүн Л.Энхбуянт нар оролцож, үг хэллээ.
Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 20 хүн, үндэсний түвшинд үйл ажиллагаа явуулдаг Иргэний нийгмийн болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20 байгууллага хүний эрхтэй холбоотой бодлого, хууль тогтоомжид нөлөө үзүүлэх чадвар суулгах сургалтад хамрагдах бөгөөд Хүний эрхийн үндэсний комисс, тус комиссын орон нутаг дахь референтүүд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийн кейсүүдийг илрүүлж, шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллах юм байна.
Төслийн үр дүнд төсөлд хамрагдсан байгууллага, хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх төвлөрлийг сааруулах мониторингийн механизм байгуулан ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар мэдээлэл цуглуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөв байдлын илтгэлээр дамжуулж УИХ-д мэдээлэл хүргэх аж.
Төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй Хүний эрхийг хангах үндэсний зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газар, “Оюуны дархлаа төв” ТББ хамтран оролцож байна.