Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн мягмар гарагт Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд ажилласан. Энэ үеэр орон сууцны хотхонуудын голд орц гарц хааж, эзэмшлийн газраасаа хэтрүүлсэн хашаа барьсан зөрчлийг арилгах үүргийг холбогдох албаныханд өгсөн.
Үүний дагуу өнөөдөр Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын алба, тус дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын ажлын алба хамтран эзэмшигчид нь шаардлага хүргүүлэн кадастрын зургийн дагуу хэтрүүлэн барьсан хашааг татуулах ажлыг эхлүүлжээ.
Тухайн хашаа нь иргэн н.Цогнямийн эзэмшлийн газар бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/787 тоот захирамжтай 15669 ам дөрвөлжин хэмжээтэй газар аж. Улмаар барилга барих зорилгоор хашаа хатгахдаа зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ уртааш 145м, 4м өргөн зайд хэтрүүлэн хашаалсан байна. Уг зөрчлийг арилгуулж, хашааг нь татуулах ажлыг зохион байгуулж байна.
Тухайн хашааг татуулж, чөлөөлснөөр тухайн байршилд зам тавих боломж бүрдэх бөгөөд замын зураг бэлэн болсон гэдгийг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдэгдлээ.
НЗДТГ-ын ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС