“Тунгалаг тамир” киноны баян Павловын хуншгүй эхнэрийн хүүхэд ялгаж бэлэг өгдөгтэй яг адилхан тохиолдол намайг 5 дугаар ангид буюу 1985 онд болж билээ. Тухайн үед зун байсан болохоор би Баян-Уул /Говь-Алтай/ сумын малчин авга ахындаа очоод байлаа. Нэг өглөө саахалт айлын гадаа нэгэн суудлын тэрэг /УАЗ-469/ зогсож байна. Хотоос айлчин гийчин ирсэн гэнэ. Хүүхэд л болсон хойно би давхиад очлоо.
Хот газрын бололтой буурал халимагтай махлаг биерхүү ах, эхнэрийнхээ хамт байв. Эхнэр нь сүүлд орж ирсэн хүүг харснаа нөхөртөө “Энэ нөгөө хэний ганц хүү ш дээ” гэж хэлээд цүнхээ ухаж атга дүүрэн Оросын ирис чихэр өгөв. Хүүхэд болохоороо би ч ховор чихрээс горьдлоо. Тэр эмэгтэйн гарыг дагуулж харсан ч надад нэг ширхэг чихэр ч өгсөнгүй. Бараг хүн байна ч гэж тоосонгүй. Нөхөр нь ч наад хүүхэддээ ганц чихэр өгөөч гэж хүний урманд хэлсэнгүй.
Бяцхан гомдсон би “Том болоод олон хүүхдэд чихэр авч өгнө дөө” гэж бодоод л өнгөрсөн юмдаг. Хүүхэд ялгаж харилцдаг хүн муутай хүмүүс одоо бүр олон болоо биз!
Л.Дорж