Одоогоос 10 жилийн өмнө ЦССҮТ цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг сурталчилж, цусны донорын эгнээг өргөтгөх зорилгоор “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг санаачилсан билээ.
Өнөөдөр уг өдөр тохиолоо. Сар бүрийн 03-ны өдөр тэмдэглэдэг уг өдөрлөгийг Баянзүрх дүүргийн ИТХ, Засаг даргын тамгын газах болон тус дүүргийн Улаан загалмайн хорооноос хамтран зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн ИТХ-ын хувьд 2024 онд “Донор дүүрэг” болох зорилт дэвшүүлсэн бөгөөд сар бүрийн 3-ны өдрийн үйл ажиллагаанд он дуустал хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Түүний хүрээнд Баянзүрхчүүдийн анхаарал цусаа хандивлах буянт үйлс рүү анзаарагдам чиглээд байгаа билээ.
ЦССҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Н.Эрдэнэбаяр дээрх үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага жил бүр өсч, үүний хэрээр цусны донорын цар хүрээг өргөтгөх зайлшгүй шаардлага тулгараад байгааг онцлоод бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө цусаа бэлэглэх ариун үйлсэд нэгдэж байгаа бүх байгууллага, иргэдэд дахин дахин талархалаа илэрхийлсэн юм.
Энэ өдрийн хүрээнд ачтан доноруудаа урамшуулан алдаршууллаа:
“Мөнгөн донор” цол тэмдгээр Хүндэт донор А.Цэндсүрэн, “Хүрэл донор” цол тэмдгээр Хүндэт донор Ц.Цоггэрэл, “Бахархал-50” тэмдгээр Хүндэт донор Б.Өнөрцэцэг, М.Золбаяр нарыг тус тус шагнаж урамшууллаа. Мөн “Бахархал-40” тэмдгээр О.Бямбадорж, “Бахархал-20” тэмдгээр Д.Ариунаа, М.Баасанжав, Г.Эрдэнэчимэг, “Бахархал-10” тэмдгээр Б.Додьгалсан нарыг шагнав.