Улаанбаатар төмөр зам бол Монгол Улсын хөгжил, монголчуудын орчин ахуй, амьжиргаанд эргэлт хийсэн их аргагүй их айл билээ. Төмөр замын хөгжлөөс Монголын хөгжил хамаарч ирсэн, одоо ч улсын хөгжилд их хувь нэмрээ гүйцэтгэсээр байгаа билээ. Энэ агуу түүхт байгууллагын түүхийг бичилцэж ирсэн тэр хүмүүсийн нэг бол Улаанбаатар төмөр замын Нэгдүгээр орлогч даргаар 1962-1986 ажиллаж байсан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Наваанжамбын Цэрэнноров /1934-2007/ юм. Энэ том хүний тухай бичсэн ном, амьд ахуйдаа өгч байсан ярилцлага зэргийг нь уншиж, сайн мэдэх зарим хүмүүстэй уулзаж ярилцаж байхад яах аргагүй Монголын Төмөр замын домгийн нэг юм даа гэж бодогдсоныг нуух юун. Монголын төмөр замын бүхэл бүтэн намтрыг бичилцсэн Н.Цэрэнноровын тухай хөрөг найрууллын хэлбэрээр бичсэн юм. Таалан болгооно уу.
Алдрай бага нас, аав, ээжийн хайр
Н.Цэрэнноров багаасаа эрдэм номын мөр хөөсөн нь учиртай. Хэдийгээр түүний эцэг Ж.Наваанжамба тайж гаралтай, баян чинээлэг хүний удам угсаа ч гэлээ 1930-аад оны ихээр Монгол орныг бүхэлд нь хамарсан өмчийг нийгэмчлэх “шуурга”-нд өртөж, хамаг мал, үнэт эдлэлээ сайн дураараа хураалгасан гэдэг. Ж.Наваанжамба ёстой л эд хөрөнгө гэхээсээ эрдэм ном шинэ нийгэмд амьдрах үр хүүхдүүдэд минь хэрэгтэй гэсэн бодолтой алсыг хараатай хүн байжээ. Тиймдээ ч хөдөө цөөн малтай байсан хэрнээ 1943 оны намар хүү Н.Цэрэнноровыгоо Хонгор сумын бага сургуульд оруулжээ. Ийнхүү эцгийнхээ алсын ухааны ачаар эрдэм номын зам мөр рүү эргэлтгүй орсон гэдэг. Багаасаа л хөдөлгөөнтэй, сэргэлэн хүү байв. Ээж нь ч, аав нь ч загнаж, зодох нь ховор. Зүггүйтэж буруу хэрэг мандуулбал уурлаж загнахаас илүү учирлаж хэлэх нь олон. Эвий минь, хөөрхий минь гэж эрхлүүлцгээнэ. “Ийм их хайранд өссөн хүүхдэд чөлөөтэй сэтгэж, зоримог, шийдэмгий хүн болж төлөвшдөг юм билээ. Байнгын зодуур дарамтанд өссөн хүүхэд хожмоо өөртөө итгэлгүй хүн болдог” гэж хожим нь дурссан байдаг.
Түүний том ах Н.Дашдорж нь ч бага залуугаасаа амьдралын ухаантай, аливаад нухацтай ханддаг, түс тас зантай хүн болжээ. 1944 оны алдарт бичин жилийн зуднаар Ж.Наваанжамбынх хэдэн малнаасаа салж, аргагүйн эрхэнд ажил төрөл олж хийхээр аймгийн төв барааджээ. Дэлхийн 2 дугаар дайн дуусаагүй болохоор юм, юм хомс. Авдаг цалингаараа амьдралаа арай ядан залгуулна. Ийм хүнд хэцүүхэн үед Улаанбаатарт цэргийн байгууллагад алба хашдаг том хүү Н.Дашдорж нь 1947 оны зун гэнэтхэн хүрээд иржээ. Аав, ээж, ах дүүс нь бөөн баяр боллоо. Саравчтай малгай, урт түрийтэй гялалзсан хар гуталтай ах нь Н.Цэрэнноровт цэргийн их том дарга шиг харагдаж, дотроо бахархаж байсан гэдэг. Н.Дашдорж ч угаас шулуухан зангаараа аав, ээж, дүү нараа Улаанбаатарт аваачихаар ирснээ хэлжээ. Ж.Наваанжамбад төрж өссөн нутгаасаа холдож явна гэдэг хэцүүхэн санагдсан ч хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож зөвшөөрчээ. Тэгээд ч эрдэм номыг эрхэмлэх учир хүүхдүүдээ сургууль соёлын мөр хөөлгөсөн нь зөв гэж шийдсэн байна. Нийслэлд шилжиж ирээд Н.Цэрэнноров 2 дугаар дунд сургуулийн тавдугаар ангид оржээ. Хөл ихтэй хотод дөнгөж ирсэн бяцхан хүүд машин тэрэг, байшин барилга, дуу чимээ хэцүүхэн санагдавч, цаанаа л нэг сонин. Гэхдээ төрөлхийн цовоо сэргэлэн зантай учир дорхноо дасч нийслэлийн иргэн нэгээр нэмэгдэх нь тэр ээ.
Хэдийгээр аав ээж, ах, эгч нь хотод ажилд орсон ч гэлээ цалин багатай байсан учир тэднийх элбэг хангалуун байсангүй. Угаасаа цаг нь ч тийм байлаа. Гэхдээ аав, ээж нь бага хүүгээ эрдэм номтой хүн болгохын тулд юугаа ч хайрладаггүй байжээ. Тэдний ачаар дунд сургуулиа маш сайн дүнтэй төгсч, ЗХУ-д суралцах хуваарь авсан юм. Түүнийг дунд сургуульд байхад багш нар нь хичээлийн даалгавраар зай чөлөөгүй “бөмбөгдөнө”. Их ачаалалд айжимдаа дасч, цагийг үр бүтээлтэй өнгөрөөж сурчээ. “Багадаа олж авсан дадал хэвшил маань насан туршид минь хэрэг болсон доо. Ялангуяа бага залуугаасаа залхуурна гэдгийг мэддэггүй хүний амьдрал байнга өсч дэвшдэг” гэж үр хүүхдүүддээ захидаг байсан гэдэг.
Хүссэн мэргэжлээ сонгож, хүлгийн чөлөөг алсад заллаа
Н.Цэрэнноров 1953 онд Улаанбаатарт 10 дугаар ангиа төгслөө. Тухайн үед авлига, арын хаалга гэж байгаагүй учир сурлага сайтай хүүхдэд их, дээд сургуульд орох боломж бүрэн байв. Сургуулийн хуваариа сонгохоор ороход сайхан зантай байрын хүн мань эрийг нухацтай харснаа “За хүү, хууль зүйн чиглэлээр сургуульд явах уу?” гэж асуужээ. Багаасаа харьцангуй чөлөөтэй сэтгэж, бодол хүслээ айж эмээлгүй илэрхийлж сурсан болоод ч тэр үү “Үгүй ээ, би машин, техник сонирхдог” гээд шулуухан хэлчихэж. Нөгөө дарга “Өө за, их дураараа нөхөр байх нь. Тэгвэл Төмөр замын сургуульд явуулна” гэжээ. Хэдийгээр төмөр зам гэдгийг мэдэхгүй ч гэлээ сэтгэл нь цаанаа л нэг сайхан. Баярлаж хөөрсөн амьтан тэр өрөөнөөс гарчээ. Ингэж л тэр ухаалаг хүний ачаар Н.Цэрэнноровын цаашдын амьдрал, хувь заяа төмөр замтай холбогдох нь тэр ээ.
Тухайн үеийн ЗХУ-ын Томск хотод 3 жил төмөр замын сургуульд суралцаад, 1956 онд Москва хотын Төмөр замын дээд сургуульд шилжлээ. Энэ тухайгаа тэрбээр “Эхний үед Томск, Ташкент, Днепропетровск зэрэг хотын төмөр замын сургуульд Монгол оюутнуудыг сургаж байгаад нэг дор төвлөрүүлэх зорилгоор Москвад шилжүүлсэн юм билээ. Агуу их Зөвлөлт гүрний нийслэл Москвад үргэлжүүлэн суралцана гэдэг их завшаан байв. Москва, Ленинградын Төмөр замын дээд сургуулиуд манай төмөр замын үе үеийн инженерүүдийг бэлтгэсэн эрдмийн уурхай, буянтай газар шүү дээ” хэмээн дурссан байдаг.
Хойд хөршид суралцаж байхдаа хичээл сурлагандаа сайн байсан учир онц сурсны нэмэгдэл авдаг байжээ. Тэр үеийн Монгол оюутнууд дотор архи ууж, хоорондоо гар зөрүүлэх явдал хааяа гарна. Харин Н.Цэрэнноровын хувьд задарсан нэгнээс нь зайгаа барьж, даруу ноомойд нь тусалдаг байсан аж. Тэнд байх үедээ “Хүний газар нэрээ” гэдэг Монгол ардын мэргэн сургааль ямар үнэ цэнтэйг хатуу ойлгосон гэдэг. Ялангуяа цөөхөн монголчууд харь оронд эв нэгдэлтэй байх зарчим ямар ч үед мөрдөгдөж байх ёстой гэж амьд сэрүүндээ залуу хойчдоо сургадаг байж.
Гадаадад сурч байхдаа мэдлэг боловсролоос гадна тухайн орны соёл ахуй, зан заншил, амьдрах ухаан гээд олон төрлийн эрдмээс хэр чинээгээрээ суралцсандаа тэрбээр ихэд олзуурхаж хувийн соёлоос эхлээд олон зүйлийг аль болох олон хүнд зааж сургахыг хичээнэ. Төмөр замыг дагаж, тэнд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүд болон ЗХУ-д суралцаж төгссөн үе үеийн инженерүүдээр дамжиж Европын, тэр тундаа Оросын соёл Монголд нэвтэрсэн бөгөөд үүнд Н.Цэрэнноров ч хувь нэмрээ оруулсан нь дамжиггүй. 1958 оны зун илчит тэрэгний инженер механикч дипломтой цүнхээ тас тэвэрсээр эх орон, ээж, аавдаа буцаж ирлээ. Онцлог нь энэ мэргэжлээр төгсөгчдийн эхний тавын нэг нь байсан юм.
Москвад хамт сургууль төгссөн Г.Цэдэндамба найзынхаа хамт Төмөр замын даргын 1958 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар Улаанбаатар зүтгүүрийн депод илчит тэрэгний туслах машинчаар томилогджээ. Москвад сургууль төгсч дээд мэргэжил эзэмшсэн түүнийг ийм ажилд томилсон нь учиртай. Тухайн үед Монголын төмөр замд мэргэжлийн инженер механикч хуруу дарам цөөн ч тэднийг анхан шатныг нэгжид бага тушаалын ажлаас эхлүүлдэг байж. Нэг ёсондоо шатлал нь тийм байж.
Машинчдын ихэнх нь Оросууд. Тэдний шаардлага хатуу гэж жигтэйхэн. Зүгээр суулгана гэж үгүй. Хоёр зөрлөгийн хоорондох замд дизелийн өрөөний хана шалыг угаалгаж цэвэрлүүлнэ. Зөрлөг хүлээгээд зогсоход гадна талыг нь арчуулна. Тэр ч бүү хэл вагон доогуур мөлхүүлж цахилгаан моторын тосыг нь хусуулж үлээлгэнэ. Хамаг хөлс нь цувчихаад байхад л тэрийг хий, энийг янзал гэнэ. Хэдхэн сарын курс төгссөн туслах машинист, дээд мэргэжилтэй инженер гэж ялгахгүй. Хэн ямар местэн дээр байна. Тэр үүргээ л ягштал биелүүл гэнэ. Хэдийгээр дээд боловсролтой инженер хүн ч гэлээ Н.Цэрэнноров энэ бүхнээс халширч байсангүй. Залуудаа хүнд хүчир ажилд зүтгэж, бусдаас хатуу ширүүн шаардлага сонсч байснаараа алдахгүй, харин ч бие чангарч, сэтгэл хатуужин жинхэнэ эр хүн болж төлөвшдөг гэдгийг тэр үеэс л ойлгож эхэлжээ.
Харин 1958 оны 11 дүгээр сарын 11-нд замын дарга дахин тушаал гаргаж Н.Цэрэнноровыг түлш, шүүрийн цехэд бригадын даргаар гэнэт томилжээ. Депогийн барилга байшин ашиглалтад бүрэн орчихсон, үйл ажиллагаа нь цэгцэрч жигдэрсэн үе л дээ. Дарга, орлогч, ерөнхий инженер гээд захиргааны удирдлагууд нь дан Оросууд. Тэд тушаал шийдвэр гаргадаг байсан байна. Яагаад ч юм тушаалыг Орос хэлээр гаргасан гэнэ. Бодвол тийм л дүрэм журамтай байсан биз ээ. Депогийн зарим хэлтэс, тасгийн дарга нь Н.Цэрэнноров, Г.Цэдэндамба нараас өмнө сургуулиа дүүргэсэн Монгол инженерүүд. Боловсон хүчин буюу одоогийн хүний нөөцөөр нь “буурал” хэмээх Д.Дагжид ажиллаж байв. Тэр хүн сургууль, курс төгссөн Монгол залуустайгаа байнга уулзаж, ярилцдаг, ажил төрөл, амьдрал ахуйд нь санаа тавьдаг нэгэн байжээ. Түлшний аппаратын эд ангийн ажиллагааг шалгаж, тохируулдаг төхөөрөмжөөр ихэнх зайг эзэлсэн давчуу байранд ажиллах болж. Ууршилт ихтэй, мансуурч хордмоор үнэр танартай цехэд өдөржин ажиллана гэдэг галт тэрэгний цонхоор цэвэр агаарыг цээж дүүрэн амьсгалж явсан түүнд эхний үед эвгүй байсан хэдий ч бие хайргүй зүтгэнэ. Цехийн 10 гаруй хүнийг удирдаж ажиллах хүн хатуу хөтүүгээс халирч болохгүй гээд л ханцуй шамлаад дайрчихсан хэрэг. Ажлын ачаалал, хүн хүчний байдлаас шалтгаалан засварчдын адил улаан гараараа тостой зууралдаж өнжих тохиолдол хэвийн үзэгдэл байсан. Цилиндрийн халуун таган дээр сууж форсунк авах ч мөн амаргүй. Халуун пийшин дороос төөнөж, буцалсан усанд гараа хийсэн юм шиг байдагсан гэж ярьж байжээ.
Энэ цехэд ажиллаж байхдаа Н.Цэрэнноров галт тэрэгний зүрх нь болсон түлш аппаратын эд анги, түүний эвдрэл гэмтлийг илрүүлж засах ажлыг гардан гүйцэтгэж байжээ. Эхэндээ мэдэхгүй чадахгүй зүйл олон байсан ч онолын мэдлэг, Орос мэргэжилтэн, ном хэвлэлийн ачаар их зүйлийг сурч авсан байна.
Гэтэл замын даргын 1962 оны 05.11-ний өдрийн 374 дүгээр тушаалаар Н.Цэрэнноровыг Улаанбаатарын татах хэсгийн даргаар томилов. Албан тушаал дэвшиж байгаа хэрэг л дээ. Депогийн нийт ажилтнууд, түүний дотор ашиглалтын цехийн хамт олонтой амь амьдрал нэг, ажил төрлийн холбоотой засварчдыг хоёр жил удирдахдаа тэднийхээ төлөө үнэн сэтгэлээсээ санаа тавьж, цалин хөлсийг нь нэмүүлж чадсан Н.Цэрэнноровыг байгууллагынхаа жинхэнэ дарга болоход зүтгүүрийн бригадынхан талархан угтсан гэдэг. Ажил мэргэжилдээ үнэн сэтгэлээ зориулж байгаа хүнийг байгууллага, хамт олон нь асар их үнэлж хүндэлдгийн нэгэн жишээ энэ буюу.
Өндөр албан тушаалд дэвшиж, өөрчлөлтийн төлөө хамтран зүтгэсэн нь
Социализмын үе бол нэг талаас бүтээн байгуулалтын өрнүүн түүх. Хэн ч, хэзээ ч үгүйсгэхийн аргагүй бодит үнэн бол энэ. Ямар ч ажилд, ялангуяа удирдах ажилд томилох хүнийг олон жил судалдаг байсан гэдэг. Тэр зармын дагуу л Н.Цэрэнноров Улаанбаатар төмөр замын нэгдүгээр орлогч даргаар томилогдсон юм. Түүнийг 1962 онд зүтгүүрийн депогийн даргаар ажиллаж байхад нэг өглөө УБ төмөр замын даргын өрөөнд дууджээ. Улмаар Улаанбаатар төмөр замын нэгдүгээр орлогч даргаар томилж байгааг мэдэгджээ. Ийм шийдвэр гарах талаар ямар ч ойлголт, мэдээлэлгүй явсан мань хүн өнөөх л шулуухан зангаараа “Надад ахадсан алба байна. Саналыг зөвшөөрөхгүй” гэжээ. Том дарга болж эрх мэдэлд хүрье гэхээсээ дассан сурсан хамт олонтойгоо мэргэжлийн ажлаа хийгээд явж байсан нь дээр гэж бодсон хэрэг. Гэвч шийдвэр нэгэнт гарсан учир түүний үгийг хүлээж авах нь бүү хэл, сонссонгүй. УБ төмөр замын МАХН-ын хорооны дарга С.Ядамсүрэн “Энэ бол намын даалгавар” гэдэг ганцхан үгээр Н.Цэрэнноровыг олон талын шалгуур үзүүлэлтийг хангасан гэдгийг баталж амжилт хүссэн бол УБ төмөр замын дарга Г.П.Запорожцев “Айж болгоомжлох хэрэггүй. Бид чамд тусална” хэмээн дал мөрийг нөхөрсөгөөр алдагдсан байна.
Энэ талаар Н.Цэрэнноров хожим нь “С.Ядамсүрэн гуай намайг дагуулан Улстөрийн товчооны хуралд оруулна” гээд Засгийн газрын ордон руу явлаа. Сүрдэж байсан шүү. Харин Ю.Цэдэнбал дарга “Монгол-Зөвлөлтийн найрамдлын бэлэг тэмдэг болсон төмөр замыг авч явах хөлгийн жолоон дээр нам итгэл хүлээлгэж суулгалаа. Амжилт хүсье” гэсэн утгатай үг хэлснийг нь мартдаггүй. Тийнхүү 1962 оны 9 дүгээр сарын 20-нд урьд өмнө бодож байгаагүй өндөр албанд гэнэт томилогдож орсон юм даа. Санаанд минь багтаагүй алга эргүүлэх төдийд л УБ төмөр замын нэгдүгээр орлогч даргын том албанд томилохоор шийдвэрлэсэнд ихэд гайхаж, учрыг нь олж чадаж байж билээ. Хожим сонсоод байхад 1950-аад оны эцсээр сургууль төгссөн инженер биднийг алхам тутамд судалж, янз бүрийн ажил дээр тавьж туршиж сориод байсан юм билээ” хэмээн дурссан байдаг. Хамгийн гол нь 28-хан настай залууд энэ том айлыг удирдан чиглүүлэх үүрэг хариуцлага хүлээлгэсэн бөгөөд Н.Цэвээнноров тухайн үеийн нам, засгийн удирдлага, хамт олныхоо итгэл найдварыг даасан шиг даасан билээ. 24 жил гэдэг бол бага хугацаа биш, бараг л хагас жаран. Энэ хугацаанд Монголын төмөр замыг удирдсан Н.Цэрэнноров нэгэн шинэ түүхийг эхлүүлсэн, бичилцсэн хүн.
Н.Цэрэнноровын ажил, амьдрал ба төмөр замын түүх
“Намайг анх томилогдоход Г.П.Запорожцев гуай Төмөр замын дарга байсан. Дараа нь Солоткий ирсэн. Шуурхай дайчин, элэгсэг, өөриймсөг сайн сайн хүмүүс байсан даа. Монголын төмөр замыг бэхжүүлэхэд ихийг хийсэн. Өртөө зөрлөгийг тохижуулахаас эхлээд замын дагуух бүх цэгийг цахилгаанжуулах, байнгын усаар хангах гээд олон зүйлийг амжуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан хүмүүс. Салбар нь өөрөө онцлогтой. Хоёр улсын хувь нийлүүлсэн өмчлөл учраас хоёр талаас хүн байх шаардлагатай. Тийм учир толгой дааж шийдвэр шийдвэр гаргах, санасан бодсоноо шуудхан хэрэгжүүлэх бололцоо муу. Гэхдээ нэгдүгээр орлогчид оролцохгүй, хүрэхгүй ажил гэж байхгүй. Юм юмтай хутгалдаж юм юм руу гүйнэ. Төмөр зам анхнаасаа хатуу сахилга баттай явж ирсэн. Тэгэхээс өөр арга байхгүй. Тийм ч учраа хагас цэргийн зохион байгуулалттай. Шуурхай зөвлөгөөн дээр 1 минут хоцроход л Солоткий дарга хаалгаа хаачихаад оруулдаггүй байсан даа. Ийм явдал нэгдүгээр орлогч дарга над дээр ч тохиолдож байсан” гэж дурсан ярьсан байдаг. Алтны дэргэдэх гууль шарладгийн үлгэрээр сахилга хариуцлагыг хамт олондоо хэвшүүлэхэд маш их хичээсэн, үр дүнгээ ч өгсөн. Ер нь Н.Цэрэнноров хатуу талдаа байжээ. Аргагүй шүү дээ. Төмөр замын инженерийн онолын мэргэжлийг их гүрэнд эзэмшиж, засварчнаас эхлээд дарга болтлоо дэвшсэн хүн төрөлх төмөр замаа мэдэхийн дээрээ мэдэхээс биш яах билээ. Тийм ч учраас сахилга хариуцлагыг нэг номерт тавьдаг байсан биз ээ. Гэхдээ хүнийхээ мөн чанарын хувьд өрөвч зөөлөн, тусархуу. Тэтгэвэрт гарсан хойноо хамтран зүтгэгчидтэйгээ уулзахдаа “Би та нарт ширүүн хандаж, хатуу шаардлага тавьж, зарим үед арга хэмжээ авч байсан тал бий. Ажлын төлөө л тэр шүү дээ. Ойлгож, өршөөгөөрэй” гэж байсан удаатай.
Н.Цэрэнноров УБ төмөр зам хоцрогдсон гар ажиллагаатай байсныг өөрчилж шинэ техник, технологиудтай болгох, боловсон хүчнийг бэхжүүлэх, ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлж, ахуй амьжиргааг нь дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай хүн. Эгэлгүй энэ хүний тухай хөрөг бичих боломж олдсон нь завшаан буюу.
2021 оны 5 дугаар сарын 31-нд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, дэд дарга Г.Мөнхсайхан, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нар Монгол–Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын Нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан Наваанжамбын Цэрэнноров агсны нэрэмжит гудамж байгуулах тухай Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 25 дугаар тоот тогтоолыг тус байгууллагын удирдлага, ар гэрийнхэнд гардуулсан юм.
сэтгүүлч Д.Лхагвадорж