Монголд дартсын спортын анхны суурийг тавилцсан Б.Бат-Өлзийтэй ярилцлаа. Тэрбээр мөн хүний энергийг судалдаг хүн аж.
–Эхлээд өөрийгөө товчхон танилцуулна уу?
-Би Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат хүн. 8 настайдаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд очсон түүхтэй. 1971 онд Дондогийн Цэвэгмидийн нэрэмжит Багш нарыг бэлтгэх сургуульд элсэн орж 1974 онд улаан дипломтой төгссөн. Тэр үед онц төгссөн хүүхдүүдийг гадаад, дотоодын их дээд сургуульд шууд элсүүлдэг байсан юм. Тэр журмаар би МУИС-ийн химийн инженерийн ангид орж байлаа. Сургуулиа төгсөөд Боловсролын хүрээлэнд хуваарилагдаад очих гэж байтал нийгмийн идэвх сайтай гэдэг үзүүлэлтээр Сүхбаатарын районы МХЗЭ-ийн хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга бөгөөд Пионерийн зөвлөлийн даргаад томилж билээ. Тэндээ ажиллаж байгаад Монголын пионерын байгууллагын Төв зөвлөлийн аргазүйн төв кабинетын эрхлэгчээр очлоо. Гэтэл 1979-1981 оны хооронд олон улсын байдал хурцдаж, би Ардын армид татагдаж, офицер боллоо. Тэнд мөн л эвлэлийн ажлаа хийсэн. Ардын армийн хими хамгаалалтын 119 дүгээр ангид эвлэлийн хорооны даргаар томилогдсон юм. Тэндээ жил гаруй ажиллаад Цэргийн нэгдсэн дээд сургуульд эвлэлийн хорооны даргаар ажиллахаар болов. Уг албыг 1985 он хүртэл хашаад Москвад болох Дэлхийн залуучууд, оюутны 10 дугаар их наадамд оролцох баг тамирчдыг шалгаруулах “Таван дэлбээ” наадамд оролцох багийг бэлтгэсэн. Бараг л түрүүлэх шахаж билээ. Хоёрдугаар байранд орсон гэсэн үг. Нэгдүгээр байранд Архангай аймгийн малчин залуусын баг орсон. Төрийн бодлогоор малчин залуусыг дэмжсэн байх. Тэр баг маань Москва явсан. Харин намайг улсын хэмжээний том арга хэмжээнд армийн залуусыг амжилттай бэлтгэж оролцуулсан хэмээн үнэлээд хугацаанаас нь өмнө цол нэмж байлаа. Улмаар армийн Улстөрийн газрын эвлэлийн байгууллагын хэлтэст үзэл суртал эрхэлсэн зааварлагчаар очлоо. Удалгүй өөрчлөлт, шинэчлэлт эхэлж армид нам, эвлэлийн байгууллага байх хэрэгтэй юү, үгүй юү гэдэг асуудал яригдаж намтайгаа явах уу, эвлэлтэйгээ явах уу гэдэг асуулт тулгарлаа. Би ч эвлэлээ сонгосон. Гэхдээ арми дахь эвлэлийн байгууллагыг татан буулгасан учраас би ажилгүй боллоо. Зүгээр байж байхаар зах дээр гарч дартс тоглуулж эхэллээ. Өөрөө сонирхолтой байсан учир энэ ажилдаа дуртай байсан юм. Зах дээрээс дартс тоглох авьяастай хүүхдүүдийг битүүхэн хайж эхлэв. Үндсэндээ 1992 оноос хойш “дартасчин” хийсэн гэсэн үг. Улмаар 1993 онд дартсын анхны клубыг нээсэн. Зах дээр дартс тоглуулангаа энэ спортын сурталчилгааг хийж хүүхдүүдийг бэлтгэж эхэлсэн. Тууштай явсны хүчинд монголчууд дартсыг мэддэг, тоглодог, хичээллэдэг болжээ. Тив, дэлхийн тэмцээнүүдэд ч олноороо оролцож амжилт үзүүлдэг боллоо. Бүх байгууллага дартсын тэмцээн зохион байгуулдаг болж. Сургууль төгсөгчдийн уулзалт дээр хүртэл дартсын тэмцээн зохиогдох хэмжээнд хүрчээ. Энэ бол том ололт.
–Таныг тэтгэвэртээ гарсан ч дартсын спортоо хөгжүүлсээр байгаа юм байна гэж ойлголоо. Хороогоо түшиглэж ажиллаж байгаагийн давуу тал юунд байгаа бол?
-Би 41 дүгээр хорооны жижүүр, Ахмадын зөвлөлийн тэргүүлэгчээр ажиллаж байна. Нэгэнт залуу халуун насаа зориулж өдий хүрсэн болохоор эндээ дартсын дэвжээ нээж сургалт явуулж байна. Ахмадуудаа зөвхөн дартс биш граунд гольф, шатар, теннис, шагайн харваанд хамруулдаг.
–Таныг яах аргагүй Монголд дартсын спортын үндэс суурийг тавьсан хүн юм гэж ойлголоо. Хамгийн том амжилт үзүүсэн шавь нараа нэрлэнэ үү?
-Би Монгол Улсын хэмжээнд дартсын суурийг тавилцсан хүний нэг. Анхны гурван клубын нэгийг үүсгэн байгуулж улмаар дэвжээ болгон өргөтгөсөн. Өөрөөр хэлбэл, анх “Үйзэн” клуб байгуулан ажиллаж байгаад “Үйзэн” дэвжээ болгон өргөтгөсөн. Уйгагүй хичээсний үр дүнд ахмадууд маань дартсыг сонирхон хичээллэдэг болсон байна. Бүх аймаг, суманд ахмадууд дартс тоглож байна. Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулдаг спортын их наадмын төрөлд дартс орсон. Үүгээр ч зогсохгүй нийслэлийн иргэдийн наадмын нэг төрөлд, мөн улсын аварга шалгаруулах тэмцээний төрөлд орсонд орсонд баяртай явдаг.
Би шавь нараасаа Шаравсамбуугийнхан гэж алдашсан ах дүү Ш.Ганзориг, Ш.Эрдэнэтуяа, Ш.Ган-Эрдэнэ нарыг нэрлэхийг хүсэж байна. Бүгдээрээ дартсын спортын олон улсын хэмжээний мастер болсон. Мөн Манай клубээс төрөн гарсан тамирчид гэвэл Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ нар улсын аварга болсон. Өөр нэрлэвэл олон бий.
–Граунд гольф ахмадуудын дунд нэлээд дэлгэрч байгаа. Та бас хичээллэдэг үү?
-Би 2018 онд Монгол Улсад зохиогдсон граунд гольфын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд анхны ерөнхий шүүгчээр ажиллаж байлаа. Одоо хорооныхоо ахмадуудыг дасгалжуулдаг. Граунд гольф мөн л ахмадуудын дунд түгэн дэлгэрч байгаад баяртай явдаг.
–Таныг хүний энергийн судалдаг гэж сонссон. Энэ талаараа сонирхуулж болох уу?
-Бололгүй яахав. Би Энергийн мэдээллийн орон зайн шинжлэх ухааны салбарт энергийн оношилгоо хийдэг. Дэлхийн оюуны өмчийн академийн хүндэт профессор цолтой. 20-иод жилийн судалгаагаар хүний амин ухамсарт эрчим хүчний 4 төв байгааг тогтоож тэдгээр нь хаана хаана, ямар эрхтэн дээр байрладгийг баталсан. Хүний амин ухамсарт эрчим хүч гэдэг маань сүнсийг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, сүнс нь:
- Оюун ухааны амин ухамсарт эрчим хүч
- Сэтгэл санааны амин ухамсарт эрчим хүч
- Эд эсийн амин ухамсарт эрчим хүч
- Тэнгэрлэг сүнслэг амин ухамсарт эрчим хүч гэсэн 4 төрлөөс бүрддэг. Эдгээр 4 амин ухамсарт эрчим хүч тэнцвэртэй байвал хүн өвдөггүй.
-Баярлалаа. Танд уншигчдынхаа өмнөөс болон хувиасаа эрүүл энх сайн сайхныг хүсье.
Д.Лхагва