УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Ерөнхий сайдаар томилогдох үед УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадахгүй байсан. Бүгд масктай, шилэн хоргоны цаанаас харилцдаг, хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй, эдийн засаг -4,7 хувь, улсын төсөв 30 орчим хувиар тасарсан байсан. Цар тахлыг даван туулах Засгийн газрын бодлогыг УИХ дэмжиж ажилласан. Түүний хүчинд вакциныг цаг алдалгүй татан авч, вакцинжуулалтыг хийж чадсан. Улс төр дөхсөн үед парламентын гишүүд намын хувьд өөр үзэл бодолтой ч улсынхаа хувьд том зургаар харж байсанд талархах учиртай. Ингэж чадсаны хүчинд цар тахлыг давсан. Үүний хүчинд хоёрдугаар сарын 14-нд цар тахлын хамгийн сүүлчийн хязгаарлалтыг цуцалж, нийгмийн олон үйл ажиллагаа нээгдэж байсан.
Азидаа цар тахлыг давсан анхны улс боллоо гээд уулзаж байсан. Харамсалтай нь, хоёрдугаар сарын 24-нд Орос, Украйны дайн эхэлсэн. Наран цэргийн тосноос эхлээд нефть шатахууны тасалдал бий болсон. Засгийн газраас УИХ-д Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг оруулж ирсэн. Ингэснээр шатахууны хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авсан.
Боомтуудаа нээх, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах бодлого барилаа. Намайг Ерөнхий сайдын албыг авах үед валютын нөөц хүнд болсон байсан. Бид Оюутолгойн гүний уурхайг эхлүүлэх, хуримтлагдсан өрийг цуцлах, гацсан төслөө урагшлуулснаар валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж гарсан. Олон жил бугширсан авлигын асуудалтай нам харгалзахгүй тэмцэх, олон бугширсан асуудлыг ил тод болгох. Дараалсан олон сонсгол хийж, олон санг ил тод болгож, эрх зүйн орчноо чанга болгож, УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө төрийн тендерт оролцохгүй гэдэг шийдвэр гаргаж чадсан.
Олон намын төлөөлөлтэй парламенттай байхын тулд улс төрийн зөвшилцөл рүү явсан. УИХ-ын гишүүд тойрогт очоод гишүүдийн тоог нэмэх тухай ярихад хүнд байсан.
Гэсэн ч илүү олон ургалч үзэлтэй, нийгмийн төлөөллийг хангаж чадах нь туйлын чухал байсан. Бид хийж чадсан. 76 гишүүнтэй парламентыг түүх болгон үлдээж, холимог тогтолцоотой 126 гишүүнтэй парламенттай болох эрх зүйг Үндсэн хуулиараа баталгаажуулж чадсан.
Олон жил ярьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж чадсан. Байгалийн баялгаасаа хувь хүртэх, байгалийн баялгаа ашиглуулж байгаа орон нутаг түрүүлж хөгжих, боломжтой эрх зүйн суурийг баталсан.
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг баталлаа. Төрийн захиргааны байгууллага нь олон тулгууртай, өөрсдөө манлайлах боломжийг та бүхэн бүрдүүлж чадлаа.
Дэмжиж ажилласан УИХ-ын гишүүддээ Засгийн газрын гишүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээн онцлов.