Английн “Премьер” лигийн алдарт “Фүлхэм” клубийнхэн “Go Mongolia” брэндингээр дамжуулан Монгол Улсыг дэлхийн дахинд сурталчлан таниулах хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж, гэрээ байгууллаа. Энэ талаарх мэдээллийг Соёлын яамны сайд Ч.Номин, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд, “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер болон бусад холбогдох албаны төлөөлөл өглөө. Засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсыг дэлхийн дахинд сурталчлан таниулах зорилгоор 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд эхний ээлжинд соёл урлагаар дамжуулан Монгол Улсаа сурталчлах ажлыг зохион байгуулсан бол өдгөө ийнхүү спортоор дамжуулан сурталчлахаар дэлхийн алдартай “Премьер” лигийн “Фүлхэм” багтай хамтын ажиллагаа эхлүүлж буйг Соёлын сайд Ч.Номин мэдэгдлээ. Тэрбээр “Дэлхий дахинд энэхүү “Премьер” лигийг 3.2 тэрбум хүн үзэж сонирхдог. “Фүлхэм” баг маань 145 жилийн түүхтэй. Лондон хотын төвд 24 мянган хүний суудал бүхий стадионтой. Мөн маш олон тооны сошиал дагагчтай. Энэ мэт тухайн багийн далайцтай, хүртээмжтэй байдлыг ашиглан Монгол Улсаа дэлхий дахинд таниулах боломжийг бид бүхэн бий болгож байна” хэмээв. Тус багтай хамтарч ажиллах хүрээнд жилд дунджаар 2780 цагийн турш өөрсдийн үндэсний брэндингээр дамжуулан улсаа сурталчлах, “EA SPORT”-ийн “FIFA” видео тоглоомоор дамжуулан 22 сая хүнд, талбайн лед дэлгэцээр дамжуулан 10.2 сая хүнд Монгол Улсаа сурталчлах юм. Энэ мэт олон төрлийн ажлыг хамтран хийж хэоэгжүүлснээр олон улсад Монгол Улсын нэр хүнд өсөж, улмаар Монгол орныг зорих аялагчдын тоо нэмэгдэж, аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолжээ. Соёлын яам болон Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах Сурталчилгаа, мэдээллийн үндэсний хорооноос санаачлан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд Монгол Улсын олон улсад танигдсан эерэг байдал 24 хувиар нэмэгджээ. Мөн Монгол Улс түүхэндээ анх удаа 650 мянган жуулчин хүлээн авч, улмаар эдийн засагт 1.3 тэрбум ам.долларын орлогыг бий болгосон байна.
#GoMongoliaFulhamFC
#MongoliaAlwaysMoving