УИХ-ын сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлж, улс төрийн нам, хүчнүүд бие даагчид эхний алхамаа хийж эхэллээ. Хамгийн түрүүнд уриа дуудлагаа сонсгож, хөтөлбөрөө танилцуулж байна. Монгол Ардын Намын хувьд энэ удаагийн сонгуульд “Ард түмний ялалт” гэсэн уриатай орж байна. Уриа гэхээсээ илүү нэр үг шиг сонсогдоно. Олон түмнийг араасаа дагуулья гэвэл үйлдэлд дуудсан агуулгатай баймаар. Уг нь хэд хоногийн өмнө бүх л телевизээр цацагдаад байсан “Ард түмэн ялах уу? Авилгачид ялах уу?” гэсэн мэдэгдлийн агуулгыг илэрхийлсэн бололтой.
Нэг мөсөн энэ үгээр л уриагаа хийсэн бол ойлгоход хялбар, агуулга төгс байсан ч юм билүү. Тээр жил 2000 онд МАХН сонгуульд орохдоо “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аварья” хэмээн сонгуульд оролцож, ялалт байгуулж байсан түүх бий. Гэхдээ аливаа уриа бүрэн хэрэгждэггүй гэдгийн нотолгоо болж түүхэнд үлджээ. Сонгогч олон түмэн аливаа нам, эвслээс сонгуулийн урианд тусгагдсан агуулгыг нэхэл хатуутай шаарддаг учраас шууд зорилт дэвшүүлсэн урианаас татгалзах болсон гэвэл хэтрүүлэг болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчийн сонгуулийн уриа нь “Авлигачдыг цээрлүүлнэ” гэсэн хоёрхон үгтэй хосгүй хатуу уриа нь өрсөлдөгч намынхныг бүү хэл өөрсдийнхөө олон дэмжигчдийг хүртэл айлгаж орхисон түүх бий. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бишгүй олон асуудал өрнөсөн билээ. Нүүрсний хулгай, эмийн шахаа, хулхи ногоон автобусны хэрэг гээд авлига, хээл хахууль, хулгай дээрмийн хэргүүд ар араасаа илэрч нийгэм даяараа шогшрон шаагилдсан. Хийж хэрэгжүүлэх асар их ажил байсаар л байдаг. Одоо л өөрчлөхгүй бол оройтлоо хэмээн амтай болгон ярьж, бичиж байсан ч үүнийг засч залруулах тухай улс төрийн нэмуудын сонгуулийн урианд ер тусгалаа олсонгүй.
Монгол Ардын намын “Ард түмний ялалт”, Ардчилсан намын “Бүтэн Монгол бүрэн ардчилал”, ХҮН намын “Өөрчилнө! Цаг нь болсон”, “Үндэсний эвсэл”-ийн “Үндэстнээрээ баяжья”, Иргэний зориг ногоон намын “Зоригтой бай”, Үнэн ба зөв намын “Хүчтэй сөрөг хүчин”, “Шинэ нэгдсэн эвсэл”-ийн “Шинэ сонголт, Шинэ Монгол”, Бүгд найрамдах намын “Ухаалаг сонголт хийе” зэрэг уриа үгс бүгд нийлээд ч сонгогчдын зориг зүрхийг чангалж чадахааргүй байна. Хэдийгээр намууд сайхан уриа дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө соёлтойгоор дэлгэн тавьдаг ч бусдынхаа дэвшүүлсэн санаа, уриаг аль байдгаар нь дэвслэн буруушаахаас ажлаа эхэлж байна. Тэр ч бүү хэл гүтгэлэг доромжлолд илүү ач холбогдол өгч, хэмжээ хязгаараа алдаж байна. Үүнээс болж иргэд сонгогчдын итгэл, сэтгэл бохирдож, ирээдүйн сайн сайхны төлөө хүсэл мөрөөдөл бүдгэрэн харанхуйлж байна гэвэл хэтрүүлэг болохгүй. Сонгогчид хоосон урианд хууртаж байгаагаа мэдрэх тусам “Бид хэний төлөө, юуны тулд энэ сонгуульд оролцож байгаа билээ” хэмээн эргэлзэж гайхахад хүрнэ.
Эцэж туйлдсан сонгогчдын ой тойнд хамгийн сүүлд хоногшиж үлдсэн сайн уриа л сонголтоо хийхэд нь тусална. Улс төрийн тэмцлийн эрээгүй үйлдлийн бурууг уриа дуудлага нь үүрч үлддэг хувьтай буюу. Хэзээ бид уриагаар биш бодлого дэвшүүлж уралддаг болох бол…
Г.Энхбаатар