Маргааш буюу 6 дугаар сарын 14-нд Цусны донорын Дэлхийн өдөр тохиож байна. Энэ талаар ЦССҮТ-ийн Захиргаа, маркетингийн албаны дарга Ч.Батболдоос тодрууллаа.
-Цусны донорын дэлхийн өдөр энэ баасан гарагт тохиож байна. Анх хэдэн оноос энэхүү өдрийг тэмдэглэдэг болсон бэ?
– Анх 2005 оны 5 дугаар сард болсон Дэлхийн Эрүүл Мэндийн 58 дахь удаагийн Чуулга уулзалтын үеэр сайн дурын, авлагагүй цусны доноруудыг идэвхжүүлэх, тэднийг дэмжих зорилтыг олон улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд санал нэгтэйгээр дэмжиж, жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын Дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, гишүүн орнууд тусгай удирдамжийн дагуу бүс нутгийн хэмжээнд цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, эмнэлгийн хэрэгцээнд нийцсэн аюулгүй цус, цусан бүтээгдэхүүнүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг уриалсан байдаг.
-Энэ жилийн Цусны донорын Дэлхийн өдрийн онцлог нь юу вэ?
Энэ жилийн Цусны донорын Дэлхийн өдрийн үйл ажиллагаа “Амьдрал бэлэглэсэн 20 жил: Цусны донор танд баярлалаа” уриан дор зохион байгуулагдаж 20-н жилийн ойг тодотгохоос гадна, донорыг алдаршуулан, тэдний бэлэглэсэн цус олон сая үйлчлүүлэгчдэд амьдрал бэлэглэдэг гэдгийг онцлохыг зорьсон. Мөн Цусны алба ололт амжилтаа эргэн харах, тулгарч буй асуудлуудаа тодорхойлох, цаашид аюулгүй, чанарын шаардлага хангасан цус, цусан бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдэд хүртээмжтэй болгоход анхаарлаа хандуулахыг үүрэг болгохын зэрэгцээ дэлхий нийтээрээ цусны донорууддаа талархал илэрхийлэн, ард иргэдийг цус бэлэглэх аянд нэгдэхийг уриалж байгаагаараа онцлог байна.
–Мэдээж хүмүүнлэгийн үйл ажиллагаа учраас дэмжиж хамтран ажилладаг байгууллагууд олон байдаг биз дээ?
–Тэгэлгүй яахав. Бидний чиг үүрэг, үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд жилээс жилд нэмэгдэж байгаа нь үнэхээр бахархалт үйл хэрэг юм. Ер нь бид Цусны донорын Дэлхийн өдрийг ДЭМБ, ЭМЯ, МУЗН, МДХ ТББ, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэгтэйгээр цусны салбар төвүүдтэйгээ хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд Баянзүрх дүүргийн ЗДТГ, ИТХ гол хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Учир нь тус дүүрэг Донор дүүрэг болох зорилт дэвшүүлж сүүлийн жилүүдэд бидэнтэй тууштай хамтран ажиллаж байгаад баяртай байгаа. Ингээд 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Жанжин клубын Соёлын ордонд болох Цусны донорын Дэлхийн өдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд эрхэм хүндтэй цусны донорууд, ард иргэд, хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллага, эрүүл мэндийн салбарын төлөөллийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Д.Лхагва