Хөвсгөл аймгийн ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатартай ярилцлаа.
-Сайн байна уу? Зуны сайхан улирал эхэллээ. Сайхан зусаж байна уу? 2023 оны ажлаараа шалгарч танай Их-Уул сумын ахмадын хороо улсын тэргүүний хороо болсон. Энэ тухай асуудлаар яриагаа эхлэх үү?
-Хүндхэн өвөл хавар болсон ч зуны улирал сайхан эхэлж байна. 2023 он манай аймаг сумын ахмадын хороод сайн ажиллалаа. Үүний нэг тод жишээ нь Их-Уул сумын ахмадын хороо Улсын тэргүүний ахмадын хороогоор шалгарч, аймгаас төрсөн 3 дахь улсын тэргүүний сумын ахмадын хороо боллоо. 2019 онд Тариалан, 2021 онд Рашаант сумын ахмадын хороод Улсын тэргүүний хороо болсон. Энэ дашрамд хэлэхэд аймгийн ахмадын хороо 2018 онд Улсын тэргүүний хороогоор шалгарч байсныг хэлэхэд таатай байна. Дээрх 3 сумын ахмадын хороо гурвуулаа нэг бүсийн ахмадын хороонууд гэдгээрээ онцлог юм. Бид сумын ахмадын хороодоо Сэлэнгэ, Тэс, Идэр, Үүр, Нуур, Шишхэд гэсэн 6 бүсээр хөгжүүлсний бодит үр дүн энэ юм. Энэ бүсийн 4 дэх нь буюу Тосонцэнгэл сумын ахмадын хороо аймгийн тэргүүний хороо юм. Бүс доторх сумын ахмадын хороонууд байнга уулзаж, бие биеийхээ ажлын туршлагыг авч хамтран ажилласны үр өгөөж гэж хэлж болно. Бүсүүд урлаг, спортын наадам, уулзалтыг жил бүр зохион байгуулж байгаа төдийгүй одоо хөдөөгийн малчин ахмад настнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвхөн багуудын, тухайлбал өнөө жил бүсийн 4 сумын зөвхөн 1-р багуудын уулзалт наадмыг зохион байгуулж байна. Бүсийн 3 сумын ахмадын хороо нь 2 давхар ахмадын өргөөтэй, нэг орон нутгийн төсвөөр баригдсан 1 давхар өргөөтэй юм. Хөвсгөлийг зорьсон аймаг сумын ахмадуудыг зам дагуух Их-Уул , Тосонцэнгэл сумын ахмадын өргөөгөөр ороод гараарай гэж хэлье.
–Та сая бүсчлэхийн ач холбогдол, мөн өргөө байрны тухай дурдаад өнгөрлөө. Танай аймгийн сумын ахмадын хороонууд бүгд шинэ өргөө байртай гэж сонссон.
-Тиймээ. Өнгөрсөн 6 жилийн нэг томоохон амжилт бол яахын аргагүй бүх сумын ахмадын хороодоо шинэ өргөө байртай болгосон явдал юм.
2023 онд 3 суманд улсын төсвийн хөрөнгөөр тус бүр 450 сая төгрөгөөр ахмадын өргөө, 2024 онд улсын төсвөөс мөн 3 суманд шинэ ахмадын өргөө нэмж барихаар батлагдлаа. 2023 онд Мөрөн суманд ахмад настны урлаг, соёлын төв 500 сая төгрөгөөр баригдлаа. Сүүлийн 6 жилд нийтдээ 4 тэрбум, орон нутгийн төсвөөс 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Дашрамд энэхүү ажлыг санаачлан хөрөнгийг нь шийдвэрлэн барьж ашиглалтад оруулж байгаа УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нарт ахмадуудынхаа талархалыг хүргэе.
–Танай ахмадын байгууллагын дараагийн нэг “брэнд” ажил бол ахмад настны үйлчилгээний төвүүд юм. Энэ тухайгаа тодруулахгүй юу?
-Олон нийтийн оролцоонд түшиглэсэн өдрийн үйлчилгээ үзүүлдэг “Ахмад настны үйлчилгээ”-ний 31 төв ажиллаж байна. Дээрх төвүүдэд сард дунджаар байнгын 800, түр хугацаагаар 600 ахмад настан хамрагддаг. Дээрх төвүүдийг ажиллуулж ахмадуудад өдрийн үйлчилгээ үзүүлэхийн тулд хэд хэдэн асуудлыг шийдвэрлүүлдэг. Үүнд
- Аймгийн ахмадын хороо ХХҮЕГ-т холбогдох бүх материалаа өгч магадлан итгэмжлэлд орж өдрийн үйлчилгээ үзүүлэх гэрчилгээ авдаг.
- Аймгийнхаа ХХҮГ-ын даргатай гэрээ байгуулдаг.
- Сумын ахмадын хорооны дэргэдэх төвдөө өдрийн үйлчилгээнд хамруулах ахмад настнуудынхаа нэрсийг сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар батлуулдаг
- Батлагдсан ахмадуудаа тухайн онд байнга, эсвэл түр хугацаагаар бол хэдэн сард хэд хоногоор гэх мэт графикт төлөвлөгөө гаргадаг.
2024 онд төв тус бүр сумынхаа нийт ахмад настны 25-30 хувийг түр болон байнга хамруулахаар график гарган ажиллаж байна.
–Цалин мөнгө төсөв хөрөнгийн асуудлыг хэрхэн яаж шийдэж байна бэ?
-Сумын ахмадын хорооны дарга төвүүдийг өдөр тутмын удирдлагаар хангана. Харин өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээг төвийн менежер хариуцдаг. Урьд жилүүдэд менежерүүдийг сард 100,000 төгрөг, 2024 оноос сард 150,000 төгрөгийн урамшуулал олгож байна.
Урьд жилүүдэд менежерүүдийг аймгийн ахмадын хороо томилж гэрээ хийж ажилласан. Харин өнөө жилээс сумын ахмадын хорооны даргад нь эрх мэдлийг шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар хөдөөгийн бүх 23 суманд нэг нэг, аймгийн төв Мөрөн суманд 8 төвтэй. Мөрөн сумын 8 төв 4өргөөнд хоёр хоёроороо нэг нь гэр хороололд байрлаж байна.
Аймгийн ХХҮГ-ын дарга, ахмадын хорооны даргын хамтарч баталсан төвүүдийн ажиллах журам байдаг. Энэ журамд төвүүд өдөрт үзүүлэх үйлчилгээний жагсаалтыг тусгаж хэрэгжүүлдэг. Хөрөнгө оруулалт сайн хийгдлээ. Энэ жил УИХ-ын гишүүн, УИХ дэд дарга Л.Мөнхбаатар 31 төвд нийт 200 гаруй сая төгрөгийн, Аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуягийн санаачилгаар 73,1 сая төгрөгийн техник тоног төхөөрөмжүүдийг сумын ахмадын хороо төвүүдэд олгохоор боллоо.
–Танай хорооны үйл ажиллагаанууд дотроос онцолж хармаар нэг асуудал байдаг. Энэ ахмад настнуудад олгодог тусгай тоног төхөөрөмжүүд юм. Энэ талаар тодруулах уу?
-Тэргэнцэр, 2 төрлийн суултуур, 2 төрлийн таяг, алхуулагч, бөөрний даруулга, нурууны бүс, зэрэг тоног төхөөрөмж хэрэгслүүдийг шаардлага бүхий ахмадууд 5 материал бүрдүүлээд ахмадууд үнэ төлбөргүй авч байна. Жил бүр 300-500 ахмад настан хамрагдаж 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгддэг. Нийлүүлдэг компанитай манай ахмадын хороо гэрээтэй, ахмадын хорооны ажилтан хариуцаж ажиллаж байна.
–Хөвсгөл аймгийн ахмадуудын амралт, сувилалд хамрагдсан дүн өндөр хувьтай харагддаг. Танайд хэдэн ахмадын амралт сувилал ажилладаг бэ? Энэ бол бас л танай нэг “брэнд” ажил мөн биз дээ?
-Манай аймагт ХХҮГ-ын харьяа 3 ахмадын амралт сувиллын газар ажиллаж, тэдгээрт жилд дунджаар 2000-3000 ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулдаг. Хөвсгөл нуурын урьд эрэгт улсын төсвөөс 1 тэрбум гаруй төгрөгийн өртгөөр баригдсан, 2 давхар, ариун цэврийн байгууламж, халаалттай амралт сувилал, аймгийн төвд хавар, намар, өвлийн улиралд ажилладаг амралт сувилал байна. Мөн ХХҮЕГ-иас тусгай зөвшөөрөл аваад ажилладаг хувийн 3 ахмадын амралт сувилал байна. Мөрөнгийн төвөөс 17 км зайд 40 ортой ахмадын амралт сувилал байсан. Орон нутгийн төсвөөс 130 сая төгрөгөөр орны тоог 80 болгон ажиллуулж байна.
–Сум орон нутагт ахмадын амралт байдаг гэж сонссон?
-Тиймээ. Цагаан-Уул сумын ахмадын хороо Гандан нуурынхаа эрэг дээр 2 гэрээр амралт ажиллуулж, Бүрэнтогтох сумын ЕБС дулаан бүлээний рашаанд Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургууль Цагаан бургас хэмээх газар ахмадын амралтын байшин барьж өөрийн харьяаны ахмадууддаа үйлчилж байна.
–Сумын ахмадынхаа хороонууд хуримтлалын бүлгүүд ажиллуулж Ахмадын сантай болсон түүнийгээ ахмадууддаа зарцуулдаг гэсэн туршлага байдаг?
-Цөөн хэдэн ахмадын хороод хуримтлалын бүлгүүд ажиллуулж байна. Энэ туршлагыг бусад сумын ахмадын хороодуудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал Цагаан-Уул сумын ахмадын хороо хуримтлалын 1 бүлэгтэй 28 сая төгрөгийн хуримтлалтай, Төмөрбулаг сумын ахмадын хороо 2 бүлэгтэй 34 сая төгрөгийн хуримтлалтай байна.
Хуримтлал Ахмадын сан хоёр ялгаатай. Байгууллага ААН-үүдийг сантай болгох ажил өрнөж байна. Өнөөдрийн байдлаар хамгийн их сантай нь татварын хэлтэс 18 сая, Хөвсгөл эрчим хүч ТӨҮГ 24 сая төгрөгийн сантай байна. Ер нь ахмадын сангийн асуудлаар МАхХ сангийн яаманд, сангийн яам нь аймгийн засаг дарга, СТСХ-үүдэд албан бичиг хүргүүлж ажиллахгүй бол санхүүгийн мэргэжилийн байгууллага нь дэмждэггүй, аудитийн байгууллага нь акт торгууль тавьдаг зэрэг бэрхшээл байна.
–Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих хөдөлгөөнийг танай хороо хамгийн түрүүнд дэмжиж хөтөлбөр гаргасан байдаг. Энэхүү санаачилга ямар түвшинд хэрэгжиж байна вэ?
-Яг үнэн. Бид Ерөнхийлөгчийнхөө санаачилгыг дэмжиж “Ахмадууд-Түмэн мод” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлээд байна. Энэ хөтөлбөр 3 үетэй шаттай. 2024 оны 10р сард дуусах юм. Уул хөтөлбөрийг МАхХ бүх аймгийн ахмадын хороодод хүргүүлсэн байхаа.
-Яагаад түмэн мод гэж нэрлэсэн юм бэ?
-Манай аймаг 15150 ахмад настантай. Тэдгээрийн 70 хүртэлх насны ахмадууд 10000 гаруй байдаг. 70 хүртлэх насны ахмад нэг мод тарьчих хэмжээний чадвартай байна гэж үзсэн юм. Хэрэгжүүлж буй уул хөтөлбөрийн дотор сонирхолтой аянууд байдаг юм. Тухайлбал
- Гэр бүлийн төгөл
- Ахмадын хашаа бүрт мод
- Дурсгалын цэцэрлэг, гэх мэт
Гэр бүлийн төгөл гэхэд л өнөөдөр байгаа аав ээж өвөө эмээ ач зээ нарынхаа тоогоор тусгайлсан газар авч мод тарьж, шинээр мэндэлсэн үр хүүхдийн тоогоор нэр өгч нэмж мод тарина. Хэдэн жилийн дараа тэр газар гэр бүлийн сайхан төгөл ой бий болно. Тэнд нь цаашдаа тоглоомын талбай сүүдрэвч, хөшөө дурсгалыг ч байгуулж ч болох юм.
-Аливаа байгууллага ААН-үүдийн ажлын амжилт дотоод ажил, өөрөөр хэлбэл удирдлагын менежментээс шалтгаалдаг. Танай ахмадын хороо энэ чиглэлээр хэрхэн яаж ажиллаж байна бэ?
–Миний хувьд төрийн байгууллагын удирдлагад олон жил ажилласан учраас энэ тал дээр онцгой анхаардаг. Энэ талынхаа ажлаар бусдаас ялгарна гэдэгтээ итгэлтэй байна. Архив бичиг хэрэг, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтаас аваад нэгдсэн дүрэм, бодлогын баримт бичиг болох 2024-2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, жил жилийн ажлын мөн сар бүрийн ажлын төлөвлөгөөнүүд, тэргүүлэгчдийн хуралдааны материалууд дугаар дугаараараа хавтаслагддаг. Жил сар бүр нэршилтэй. Тухайлбал 2024 оныг “Сэтгэл санаа нийлж итгэл үнэмшилээрээ нэгдсэн баг амжилтанд хүрдэг” гэсэн уриан дор ажиллаж байна. 2024 оны 4р сарыг “Байгууллага ААН-үүдийн дэргэдэх ахмадын зөвлөлийн ажлыг дэмжих” сар, 5-р сарыг “Ахмад настны бүртгэл мэдээлэлийн санг боловсронгуй болгох” сар гэх мэт нэрлэж энэ чиглэлдээ илүү олон ажил төлөвлөж хэрэгжүүлдэг. 4-р сарын ажлын төлөвлөгөөнд байгууллага ААН-үүдийн дэргэд ахмадын зөвлөлүүдийг нэмж албан ёсоор байгуулах, тэтгэвэрт гарахад бэлтгэх төлөвлөгөөтэй болгох, сантай байгууллагын тоог нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг тусгаж хэрэгжүүлсэнээс гадна байгууллага ААН-үүдийн ахмадын зөвлөлийн дарга нарын цугларалт, семинар сургалтыг зохион байгууллаа. Мөн аймгийн Засаг даргын үүрэг даалгавар бүхий албан бичгийг бүх самын засаг дарга нар, агентлаг байгууллагуудад хүргүүллээ. Тэргүүлэгчдийн хуралдаануудаа тэргүүлэгчид хуваарийн дагуу хариуцдаг. Жилдээ 14-16 удаа хуралддаг. Аймгийн ахмадын хороо дэргэдээ харьяалалгүй гэх ахмад настнуудаа нэгтгэж зохион байгуулалтанд оруулж нийгмийн оролцоог хангахад чиглэгдсэн ахмад тээвэрчдийн, барилгачдын, усны салбарын, худалдааны, ахуй үйлчилгээний салбарын ахмадын зэрэг 12 холбоог байгуулан ажилуулж тэдгээрт 2000 орчим ахмад настан бүртгэгдэж харьяалагдан ажиллаж байна. Жил бүр 24 сумын ахмадын хорооны дарга, ахмад настны үйлчилгээний 31 төвийн менежерүүд, дэргэдэх байгууллагуудын тэргүүн, тэргүүлэгч нарыг оролцуулсан цугларалт сургалт-семинарыг зохион байгуулж байна. Өнөө жил улсын тэргүүний ахмадын хороогоор шалгарсан Их-Уул сумын ахмадын хороонд очиж зохион байгууллаа.
-Танай хороог иж бүрэн үлээвэр хөгжим, цахилгаан хөгжимтэй болсон гэж дууллаа. Бас автомашинтай гэлүү?
–Тиймээ. Аймгийн ИТХ-ын даргын санаачлагаар орон нутгийн төсвөөс 15 сая төгрөгөөр ком үлээвэр цахилгаан хөгжимтэй болсон. Цахилгаан хөгжмийн “Хөх монгол”, үлээвэр хөгжмийн “Партизан” нэртэй хамтлагтай. Ахмадууд маань ач зээгээ харах гээд янз бүрийн шалтгаанаар бүрэлдэхүүн сайнгүй байна. Alphard маркийн автомашинтай.
–Ахмадууд өнөөдөр ямар байвал зохилтой бэ? Таны сэтгэгдэлийг сонсьё?
–Өнөөдөр зөв хандлага, хүн чанар дутаж байна уу даа гэж бодогддог. Дэндүү л хувиа хичээсэн, өөрөө л болж, өөрийн ажил бүтэж байвал бусад нь огтхон ч хамаагүй гэсэн сэтгэлтэй болжээ. Нөгөө нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэдэг сайхан хандлага алга болж, хүн чанар үгүй болж байна. Талд яваа чоно хүн 2 хоёул амьтан. Амьд амьтны амьдралын хэвтээ шугмын дагуу л явна. Гэхдээ хүн тэр шугамаас тодорхой хэмжээний өнцгөөр хазайсан амьдралын шугамтай. Тэр өнцөг нь хүн чанарыг илэрхийлнэ. Өнөөдөр тэр өнцөг бараг тэг болох гээд байна.
–Тантай ярилцахад таатай байлаа. Танай хороонд бусад хороонд байдаггүй “бренд” гэхээр олон ажил үйлчилгээ, үйл ажиллагаа байдаг юм байна. Та бид хоёрын ярилцлага бусад ахмадын байгууллагуудад шинэ санаа төрүүлж, сэдэл бий болгох байх гэдэгт итгэлтэй байна.Төгсгөлд танд МАхХ болон төр засагт тавих санал хүсэлт байна уу?
–Нийт хүн амынхаа 10 гаруй хувийг эзэлж нийгмийн томоохон давхарга болох ахмад настны талаарх бодлогоо өөрчилж, хууль эрх зүйн орчиндоо өөрчлөлт шинэчлэл хийж, ахмад настныг төрийн анхаарлын төвд дахин идэвхтэй тавьж байгаа МАхХ-ныхондоо талархлаа илэрхийлье. Гурван санал байна.
- МАхХ аймгийнхаа ахмадын хорооны дарга нараа нэг цуглуулж ажил хэргийн зөвлөгөөн уулзалт зохион байгуулах цаг нь болсон. Шинэчлэгдсэн бодлогоо чиглэл, хуулиа хэрхэн яаж орон нутаг, нэгж дээрээ хэрэгжүүлэх бэ? гэдэг ерөнхий асуудлын дор зөвлөгөө үүрэг чиглэлийг биечлэн өгвөл сайн байх болов уу. Бид бүх зардалаа хариуцаж чадах байх.
- Тухайн жилийн ажлаараа шалгарч улсын тэргүүний болсон аймгийн ахмадын хорооны туршлагыг зохион байгуулалтайгаар газар дээр нь үзэх бололцоог аймгийн ахмадын хорооны дарга нарт олгох
- Шинээр гарсан хандлага бодлого, чиглэл, хууль, хуулиа дагаж гарах журам, бусад барим бичгүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар аймаг, мэргэжилийн яам агентлагуудад үүрэг даалгавар зөвлөмжүүдийг дээд шатны холбогдох байгуулагуудаас хүргүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг болно. Бид ахмад настнуудтайгаа уулзах бүртээ “Ахмад хүний амнаас амны хишигтэй үг унах ёстой шүү”, “Ахмад хүн төрөө дээдэлж, түмэн олноо хүндэтгэх нь чухал”, “Эхээс төрсөн болгон нь ахмад хүн болдоггүй юмаа. Тиймээс ахмад насаараа бахархаж, бүр болоогүй гоёж амьдраарай. Архийг нэрвэл охь гардаг шиг Амьдарлыг хэрвээ нэрж болдог бол тэр охь нь ахмадууд бид юм”, “Хүн болгоны хүсэл мөрөөдлийн охь нь ахмад хүн болох явдал юм” гэх зэргээр уриалж, сэтгэл санааг нь өргөж байдаг юм. Амьдралын охь настны гар дээр маргаашийн үрс өсцгөөж Цаст уулын оргил шиг настны сэтгэл дээр маргаашийн наран манддаг юмаа ахмадууддаа гэж хэлье.
–Та бид хоёрын ярилцлагаас уншигчид нэгийг бодож тунгаах бизээ. Үнэхээр зөв хандлага хүн чанартай байх асуудал өнөөдөр чухал болж байна. Тиймээс ахмад хүн өөрөө, зөв байх ёстой. Ахмадууд зөв байвал залуу хойч үе маань зөв амьдарцгааж Монгол Улс хөгжих болно. Ярилцсанд талархал илэрхийлье.
Д.Лхагвадорж
2 сэтгэгдэл
v6f2e8
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?