АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох тус улсын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын мэтгэлцээн эхэллээ.
Нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн 90 минут үргэлжлэх ба хоёр удаа сурталчилгааны завсарлага авна. Мэтгэлцээний үеэр оролцогчдыг сонгуулийн штабуудынхаа ажилтнуудтай ярихыг хориглосон байна. Үүнээс гадна, мэтгэлцээнийг үзэгчгүй зохион байгуулж байгаа юм.
Ж.Байден баруун талд, Д.Трамп зүүн талд зогсон мэтгэлцэж байгаа ба зөвхөн ярьж байгаа нэр дэвшигчийн микрофон нээлттэй байна. Нэр дэвшигчид зогсох байрлалаа зоос шидэж тогтжээ. Оролцогчдод мөн урьдаас бэлтгэсэн текст авчрахыг хориглосон бөгөөд зөвхөн цаас, үзэг болон савтай ус өгсөн байна.
Нэр дэвшигчдийн эхний мэтгэлцээнийг CNN телевиз зохион байгуулж байгаа юм. Хоёр дахь мэтгэлцээнийг есдүгээр сарын 10-нд товлосон бөгөөд ABC телевизээр цацагдана. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 5-нд болно гэж CNN мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.