Лхагва гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сармагчны цэцэг өвчний /mpox/ тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлажээ. Тус байгууллага сүүлийн хоёр жилийн хугацаанд уг өвчнийг хоёр дахь удаагаа ийм ангилалд оруулж байна.
Сармагчны цэцэг нь халдвар авсан хүний шархтай хэсэгт хүрсэн тохиолдолд халдварладаг бөгөөд томуутай төстэй шинж тэмдэг илэрч, арьсан дээр тууралт гардаг. Гэхдээ ховор тохиолдолд үхэлд хүргэдэг байна.
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад уг вирусний шинэ хувилбарын дэгдэлт бүртгэгдэж, Руанда, Бурунди, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс зэрэг хөрш зэргэлдээ орнуудад хурдацтай тархсан байна. Тодруулбал, тивийн хэмжээнд халдварын тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 160 хувиар, нас барсан тохиолдол 19 хувиар өссөн байна.
Африкийн Холбооны эрүүл мэндийн байгууллага болох Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мягмар гарагт уг өвчний тархалттай холбогдуулан онцгой байдал зарласнаас нэг хоногийн дараа ДЭМБ дээрх шийдвэрийг гаргажээ. Африкт халдварын улмаас 500 гаруй хүн нас барж, 17 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
ДЭМБ аливаа халдварт өвчний тархалттай холбогдуулан хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг буюу олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах нь санхүүжилт, судалгааны ажлыг эрчимжүүлэх, өвчний тархалтыг зогсоох чиглэлд олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдэхдээ, “Халдварын тархалтыг зогсоож, хүмүүсийн амь насыг аврахын тулд олон улсын нэгдсэн зохицуулалт бүхий хариу арга хэмжээ авах нь чухал байна. Цаашид Африкт болон бусад орнуудад халдвар тархаж болзошгүй байгаа нь мэргэжилтнүүдийн санааг түгшээж байна” гэжээ.
“Африк тивд 10 сая гаруй вакцин шаардлагатай байгаа боловч одоогоор ердөө 200 мянга орчим вакцин байна” гэж Африкийн CDC-ийн дарга Жан Касея мягмар гарагт хэлжээ. Тэрбээр вакцины нөөцийг нэмэгдүүлэхийн тулд манай байгууллага түргэн шуурхай ажиллах болно гэж мэдэгдсэн байна.
АНУ мөн вирусний тархалтыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгджээ. ДЭМБ 2022 онд вирусний халдвар урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй 70 гаруй оронд тархсаны дараа олон улсын хэмжээнд онцгой байдал зарлаж байсан юм. Энэ дэгдэлтийн үеэр халдвар авсан хүмүүсийн нэг хүрэхгүй хувь нь нас баржээ гэж DW мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.