Японы эрх баригч Либерал-Ардчилсан намын шинэ даргыг сонгох сонгуулийн санал хураалт есдүгээр сарын 27-нд болох төлөвтэй байгааг Киодо агентлаг эх сурвалжуудаасаа эш татан мэдээллээ.
Ингэснээр Ерөнхий сайд бөгөөд тус намын дарга Фүмио Кишида есдүгээр сарын 24-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох боломжтой болох юм. Харин сонгуулийн кампанит ажил есдүгээр сарын 12-ноос эхлэн 15 хоногийн хугацаанд явагдана. Санал хураалтын товыг ойрын үед зарлах төлөвтэй байна.
Хэд хоногийн өмнө Ф.Кишида хэлэхдээ, намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй, ерөнхий сайдын албан тушаалаас огцорно гэдгээ мэдэгдсэн билээ. Энэ нь ЛАН-д зориулан хандивын мөнгө босгох явцад санхүүгийн тайлангийн холбоотой дүрэм журмыг зөрчсөнөөс үүдэлтэй дуулиан дэгдэж, засгийн газрын нэр хүнд түүхэнд үзэгдээгүйгээр доош унасантай холбоотой юм.
Ф.Кишида 2021 оны есдүгээр сард Ёшихидэ Суга огцорсны дараа ЛАН-ын даргаар сонгогдсон билээ. Тэрбээр таван жил орчмын хугацаанд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байснаас гадна Батлан хамгаалахын сайдаар хавсран ажиллаж байв.
Одоо ЛАН-ы даргын албан тушаалд өрсөлдөж магадгүй хүмүүсийн тоонд Батлан хамгаалахын сайд асан Сигэрү Ишибү, ЛАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тошимицү Мотэги, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Санаэ Такаити, Цахимжуулалтын сайд Таро Коно, Гадаад хэргийн сайд Ёко Камикава, Байгаль орчны сайд асан Шинжиро Коизуми, засгийн газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кацунобу Като нарын нэрс дурдагдаж байна гэж МОНЦАМЭ уламжиллаа.
1 сэтгэгдэл
rfhxwx