ЦССҮТ-ийн Цусны чанар аюулгүй байдлын албаны дарга Э.Тунгалагтуяаг цусны бүрэлдэхүүн хэсгийн нэг сийвэнгээ өгч байхад нь уулзаж, цусны нөөцийн талаар ярилцаж тодрууллаа.
–Иргэдийн зуны амралтын өдрүүд үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор цус цусан бүтээгдэхүүн цуглуулалтын хэмжээ харьцангуй буурдаг аж. Цусны хэрэгцээ хэвээр байгаа үед энэ нь таатай бус сонсогдож байна. Энэ талаар танаас тодруулая.
-Тиймээ. Аж ахуй нэгж, албан байгууллага, сургууль, иргэдийн амралтын үе эхэлсэн зуны саруудад цус, цусны бүрэлдэхүүн хэсгийн цуглуулалт буурч, улирлын чанартай нөөц багасах хандлага гардаг. Цусны нөөцийн хувьд бүтээгдэхүүн тус бүрийн онцлогоос шалтгаалаад өөр өөр байдаг. Нэг хүнээс авсан цуснаас улаан эсийн, сийвэнгийн, ялтаст эсийн гээд гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Сийвэнгийн бүтээгдэхүүний хувьд урт хугацаанд хадгалах техникийн боломж бүрдсэн. Тиймээс зургаан сараас нэг жилийн хугацааны сийвэнгийн нөөц байгаа. Ялтаст эсийн бүтээгдэхүүн бол цуглуулснаас хойш 5 хоног хадгалах боломжтой. Өөрөөр хэлбэл нөөц үүсэх боломжгүй эмнэлгийн захиалгын дагуу цуглуулж, үйлдвэрлэж олгодог. Харин Цусны нөөцийг ихэвчлэн улаан эсийн бүтээгдэхүүнээр тодорхойлж явдаг. Улаан эсийн бүтээгдэхүүнийг донороос цуглуулснаас хойш ердийн нөхцөлд буюу +2-+6 градуст 21-42 хоног хадгалах боломжтой бөгөөд бид тайван үеийн 14-21 хоногийн нөөц үүсгэж явдаг.
–Эмнэлгийн захиалгын дагуу бүтээгдэхүүнийг олгодог уу?
-Тиймээ. ЦССҮТ нь Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн хэвшлийн цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэдэг 80 гаруй эмнэлгийн захиалгын дагуу бүтээгдэхүүнийг олгож ажилдаг. Эмнэлгүүдийн цус, цусан бүтээгдэхүүний захиалга жилээс жилд өсөж байгаа. Эрүүл мэндийн салбарт нэвтэрч байгаа шинэ техник, технологи ололт амжилтын хүрээнд цусны захиалга 2030 он хүртэл өснө гэсэн судалгаа гарсан. Тухайлбал, Монгол Улсад өмнө нь оношилж, эмчилдэггүй байсан элэг шилжүүлэн суулгах, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал гэх мэт өвчнүүдийг эмчилдэг болсонтой холбоотой үүнд шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдэж байгаа. Жишээ нь, 1 удаагийн элэг шилжүүлэн суулгах хагалгаанд дунджаар 50-60 донороос цуглуулсан цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэгддэг гэхээр цусны хэрэгцээ эдгээр хагалгааны үед маш их болдог. Улирлын чанартай цусны нөөц буурдаг зуны саруудад ч 7 хоног тутам дээрх хагалгаанууд хийгдэж байгаа юм.
–Өдөрт хэдэн хүн цусаа өгвөл хангалттай байдаг вэ?
-Бидний гаргасан судалгаагаар өдөрт дунджаар 150-иас дээш донороос цус цуглуулж байж дээр хэлсэн шиг 14-21 хоногийн улаан эсийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх боломжтой болох юм. Зуны сарууд болох 07 болон 08 дугаар саруудад өдөрт цусаа өгөх донорын тоо 90-110 байна. Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэх хэрэгцээ, шаардлага тулгарсан дөнгөж төрсөн нярайгаас эхлээд бүх насны хүнд сэлбэж амь насыг нь аварч, амьдрах чадварыг нь нэмэгдүүлж байдаг. Нэг удаа цусаа өгснөөр 3 хүнд амьдрал бэлэглэхээс гадна тэдний гэр бүлд элэг бүтэн амьдрал, аз жаргалыг бэлэглэж байдаг. Энэхүү буянтай үйлсэд нэгдэн цусаа бэлэглэхийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж иргэддээ уриалмаар байна. Манай ЦССҮТ-ийн хувьд 3 суурин төв болон явуулын хэлбэрээр цус цуглуулдаг. Мөн ажлын өдрөөр цусаа бэлэглэх боломжгүй донорууддаа зориулж сар бүрийн 2 дахь 7 хоногийн бямба гарагт Баянзүрх цус цуглуулах төв 09:00-13:00 цагийн хооронд ажиллаж байна. Энэ сарын 10-нд ажиллахаар байгаа. Анх удаа цусаа бэлэглэхийг хүсэж байгаа иргэд маань 17-60 насны харьцангуй эрүүл, цусаар дамжих халдваргүй (Үүнд: Элэгний В, С вирус, ДОХ, тэмбүү) байх ба манай суурин төвүүдээр ажлын өдөр 08.30-13.00 цагийн хооронд ирж үйлчлүүлээд эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагдан цусаа өгч болохоос гадна байгууллага дээрээ цус цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулах хүсэлтэй 60-аас дээш цусаа өгөх боломжтой ажиллагсадтай байгууллагууд манай төвийн 94982857 утасруу холбогдож болно. Мөн цусаа тогтмол өгдөг дараагийн цус өгөх хугацаа нь болсон доноруудаа яг энэ улирлын чанартай цусны нөөц буурдаг саруудад ирж цусаа бэлэглээрэй гэж хэлмээр байна аа. Баярлалаа.
Д.Лхагвадорж