“Ахмад үе” сонины томилолтоор Говь-Алтай аймагт ажиллаад ирлээ. Аймгийн ахмадын хорооны дарга С.Галсанчоймболтой ярилцлага хийхээс ажлаа эхэлсэн юм. Цагийг яс барьдаг, ажил хэрэгч хүн болохоор Ахмадын хорооны байранд дээрээ хоцролгүй хүрээд ирлээ. Хэдийгээр түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа ч тохижилтонд нь нэлээдгүй анхаарчээ. Ийнхүү бид хоёрын яриа эхлэв.
-Сайхан зусч байна уу? Миний санаж байгаагаар та Говь-Алтай аймгийн ахмадын хорооны даргын ажлыг аваад хоёр жил болж байна. Ажлаа юунаас эхлэв?
-Тиймээ. 2022 оны 10 дугаар сард аймгийн ахмадын хорооны даргаар сонгогдсон. Өмнө нь ахмадын байгуулланыхаа нягтлангаар олон жил ажилласан. Энэ утгаараа нутаг орныхоо ахмадуудын ажил байдлыг сайн мэдэх хүний нэг. Түүнийг маань үнэлээд надад итгэл хүлээлгэсэн болов уу гэж боддог. Ажлаа аваад Ахмадын өргөөг ашиглалтад оруулах тал дээр онцлон анхаарч байна. Ахмадын өргөөний карказыг босгосон ч хөрөнгө мөнгөгүйгээс царцаад сүүлийн хоёр жил нам зогссон. Би саяхан аймгийн Засаг дарга Г.Чинбаттай уулзаж Ахмадын өргөөний талаар учир байдлаа хэлбэл “Дахиж тендер зарлахаас өөр аргагүй болсон байна” гэж хэлсэн. Одоо 1.3 тэрбум төгрөг шаардагдаж байгаа. Хуулиараа дахиж тендер зарлах ёстой юм билээ. Ахмадын ордон маань ашиглалтад ороод авбал байдал огт өөр болох нь тодорхой. Нэг давхарт нь ахмадын сувилал ажиллуулах юм.
–Ингэхэд Говь-Алтай аймагт нийт хэчнээн ахмад настан аж төрж байна вэ?
-Манай аймгийн 18 сум, хоёр тосгонд нийт 6000 гаруй ахмад настан бүртгэлтэй байдаг. Аймгийн төвд 1615 ахмад настан бий.
-Ахмадуудын аж байдал ямар түвшинд байна вэ?
-Бид УИХ-ын сонгуулийн өмнө бүх сумдаар явж ахмадуудын амьдрал ахуйтай танилцсан. Амьжиргааны түвшин мэдээж харилцан адилгүй. Тэтгэврийн хувьд харин гомдол санал хэлдэг хүмүүс байдаг. Манай ахмадуудын 85 хувь нь 650.000 төгрөгийн тэтгэвэртэй. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа ийм үед амьдралд нь хүрэлцээ муутай л байх юм. Тэтгэвэр нэмлээ ч юмны үнэ өсчихөөр ямар хэрэг байх вэ.
–Хөдөлмөр эрхэлдэг ахмадууд олон байдаг уу?
-Мал аж ахуй дээр цөөнгүй ахмад настан ажиллаж байна. Аймаг, сумын төвийнхний хувьд жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг, хувиараа ногоо тарьдаг, лангуун дээр суудаг, оёдол эсгүүр хийдэг ахмадууд ч бий. Тийм хүмүүсийн хувьд мэдээж боломжийн амьдралтай. “Зээл авч оёдлын машин авах гэсэн юм, ногоо таримаар байна” гэж хүсэлт тавих тохиолдол ч гардаг. Тэтгэвэрт суулаа гээд зүгээр суухыг хүсдэггүй хүмүүс олон байгаа нь бахархалтай.
-Бүх суманд Ахмадын өргөө байдаг уу?
-Бүх сум Ахмадын өргөөтэй болсон. Нэг хэцүү нь халаалтгүй учраас өвөлдөө үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг. Халаалтын асуудлыг шийдчихвэл өвлийн улиралд ч үйл ажиллагаа явуулна шүү дээ. Гэхдээ хүйтэн сэрүүнд сумын Соёлын ордонд арга хэмжээ зохиодог.
-Гэр бүлийн хүчирхийлэлд ахмадууд өртөх явдал ямар түвшинд байна вэ?
-Хүчирхийллийн шинжтэй асуудал ахмадуудад тохиолддог. Гэхдээ нэрэлхүү учраас их нуудаг юм билээ. Жишээ нь, тэтгэврийг нь хүүхдүүд нь аваад ээж, аавдаа өгдөггүй тохиолдол сум болгонд байна. Өөрсдөө хэлэхгүй ч анзаарч хардаг хүмүүс байдаг болохоор нуугаад нэмэргүй л дээ.
-Та ахмадын хорооны даргын ажлыг аваад ямар зорилт дэвшүүлсэн бэ?
-Гурван үндсэн зорилт дэвшүүлсэн. Нэгдүгээрт, Эрүүл байя. Хоёрдугаарт, мэдлэг, боловсролтой байя. Гуравдугаарт, орлоготой байя гэсэн зорилго дэвшүүлээд энэ чиглэлээр хийх ажлаа төлөвлөөд зүтгэж байна даа. Бид Монголын ахмадын холбоо, “Ахмад үе” сонинд 2024 оны эхний хагас жилд хийсэн ажлуудаа тайлан хэлбэрээр илгээсэн. Түүнд олон тодорхой баримт мэдээ бий.
-Ахмадын хорооны үйл ажиллагааг дэмждэг ямар байгууллага байна вэ?
-Аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо, Ардын дуу бүжгийн Алтай чуулга зэрэг олон байгууллагыг нэрлэж болно. Ахмадууд маань даваа гарагт спорт зааланд волейбол, мягмар гарагт ахмадын хороон дээрээ ирж хөзөр, даалуу зэрэг тоглоом тоглоно. Харин пүрэв гарагт Тээвэрчдийн ахмадын хороо, Боловсролын салбарын ахмадын хороо, Эрүүл мэндийн салбарын ахмадын хороо хамтран уулзалт ярилцлага зохион байгуулдаг. Мөн бизнес эрхэлдэг хүмүүс ирж ахмадуудад зөвлөгөө өгдөг. Аймаг, сумын төр захиргааны байгууллагууд Ахмадын баяраар болон Цагаан сараар ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг.
–Харилцан туршлага солилцоход хамтын ажиллагаа чухал. Энэ үүднээсээ бусад аймгуудын ахмадын хороодтой хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Баянхонгор, Өвөрхангай аймгийн ахмадын хороотой хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Цаашдаа Завхан, Увс, Ховдын ахмадын хороотой шефийн харилцаа тогтоохоор төлөвлөж байна. Ер нь төлөвлөж байгаа ажил олон байна.
-Aлтай нутгийн ахмадуудын онцлог юу вэ?
-Би хувьдаа нутгийнхаа олон түмнийг сэтгэл сайтай, хөдөлмөрч хүмүүс гэж боддог. Бас нэгдэж чаддаг. Манай ахмадууд гудамж, баг, хороогоороо хоршиж ажиллах сонирхолтой.
Д.Лхагва
1 сэтгэгдэл
dc1ylh