АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт өнөөдөр хоёрдахь өдрөө Ханой хотноо үргэлжиллээ. Уулзалтын төгсгөлд хөтөлбөр ёсоор талууд хамтарсан хэлэлцээрт гарын үсэг зурах байсан юм. Гэвч хоёр улсын төрийн тэргүүнүүдийн энэ удаагийн уулзалт тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөж байгааг Цагаан ордон мэдээлжээ.
“Энэ удаагийн уулзалтаар тохиролцоонд хүрээгүй ч хоёр тал цаашид яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгдсэн байна. Хоёр орны удирдагчид өдрийн зоог болон хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолоо цуцалсны дараа уг мэдэгдлийг хийжээ.