Шри Ланкад Улаан өндөгний баярын өдөр үйлдсэн цуврал халдлагатай холбогдуулан тус улсын хүчний байгууллага орон даяар нэгжлэг явуулж “Лалын улс” хэмээх терросист бүлэглэлийн туг, тэсрэх бодисуудыг илрүүлсэн байна. Цагдаагаас мэдээлснээр Самантурай хотын нэгэн байшингаас л гэхэд тэсрэх бөмбөг болон “Лалын улс” бүлэглэлийн дүрэмт хувцаснууд, 100 мянган үрлэн холхивч, нисдэг камерийг илрүүлж хураан авчээ.
Өнгөрч ням гарагт Шри Ланкийн нийслэл Коломбо хотын сүм, зочид буудлуудад болон нутгийн зүүн хэсгийн хотод амиа золиослогч этгээдүүдийн үйлдсэн цуврал халдлагын улмаас 253 хүн амиа алдсан юм.
Уг халдлагад лалын хэт даврагч “Үндэсний Тувхет Жамаат” бүлэглэлийг буруутгаж байгаа боловч тэд үгүйсгэж байгаа. Харин “Лалын улс” бүлэглэл уг халдлагыг үйлдсэн гэдгээ мэдэгдсэн юм. Юутай ч аймшигт халдлагын дараа Шри Ланка улсын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена өргөн хүрээг хамарсан нэгжлэгийг улс орон даяар явуулах болно хэмээн мэдэгдлээ.