Нийслэлийн 15 дугаар сургуулийн 530 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан талаар эх сурвалжууд мэдээлж эхэлсэн. Гэтэл уг асуудлыг шалгах ажлын хэсгийн мэдээлснээр бол 38 хүүхэд, нэг багш халдвар авсан юм байна. Ажлын хэсгийн хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Өнөө өглөө ЭМЯ-наас ажлын хэсэг томилогдож, 15 дугаар сургуулийн сурагчид сүрьеэгээр өвчилсөн асуудлаар хуралдсан. 2015 оноос хойш буюу дөрвөн жилийн турш энэ сургууль дээр сүрьеэгийн халдвар гарсаар явсныг тогтоолоо. Энэ асуудлыг ХӨСҮТ хяналтдаа авч, эмчилгээ эхэлсэн. Одоогоор ХӨСҮТ-ийнхний шалгалтаар 38 хүүхэд, нэг багш сүрьеэгийн халдвар авсныг батлаад байна. Мэдээж эцэг, эхчүүд энэ асуудалд нэлээн эмзэглэж байгаа. Хүүхдийн элгийг гэмтээх хэмжээний эмчилгээ хийгдэх юм байна. Тиймээс эмчилгээ хийх хэрэг байна уу, үгүй юу гэдэг асуудал хүртэл яригдаж байна. 15 дугаар сургуульд өмнө нь сүрьеэгийн өвчтэй багш ажиллаж байсан юм байна’ гэлээ. Хамгийн ноцтой нь сайдын ярьснаар бол ХӨСҮТ-өөс эмчилсэн гэсэн бичиг хийж өгөхгүй. Эмчлүүлээд гарлаа гэсэн лист бичиж өгнө. Түүнээс сүрьеэгүй гэдэг бичиг бол хийж өгөхгүй гэнэ.