Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглосон бөхчүүдийн хоёроос нь допинг илэрсэн байж болзошгүй асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаад байна. Улсын өндөр цолтой бөхчүүд ээлж дараалан мэдэгдэл хийж, хориотой бодис илэрсэн бөхчүүдийг яаралтай зарлахыг шаардсан. Тэгвэл өнөөдөр баяр наадмыг зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хорооноос уг асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн энэ жилийн наадамд тав буюу түүнээс дээш давсан шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсныг онцлоод “Допингийн шинжилгээний хариу Үндэсний бөхийн салбар хороонд наймдугаар сарын 8-нд ирсэн. 16 бөх хамрагдсанаас хоёр бөхөд допингийн төрлийн бодис илэрсэн. Нэгээс нь дөрвөн төрөл, нөгөөгөөс нь нэг төрлийн бодис илэрсэн. Бид допингийн шинжилгээний хариуг бөхчүүдэд утсаар мэдэгдсэний дагуу допинг илэрсэн хоёр бөх шинжилгээний хариутайгаа албан ёсоор танилцсан. Хэрвээ А сорьцын хариутай санал нийлэхгүй хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ 10 хоногийн дотор гаргах эрхтэй. Одоогоор Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтэй бөх гаргаагүй байна. Бөхчүүд ч, иргэд ч тэр хоёр бөхийн нэрийг нь зарлахыг шаардаж байна. Бид ямар нэгэн байдлаар бөхчүүдийн нэрийг нууцлаад байгаа юм биш, дүрмээрээ А сорьцын хариуг шууд зарлах боломжгүй юм. Хэрэв допинг илэрсэн бөхчүүд энэ сарын 19-ны дотор Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргахгүй, допингийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрвөл бид нэрийг нь шууд зарлана. Хэрэв дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргавал В сорьцын шинжилгээний хариу гарсны дараа албан ёсоор зарлана” гэв. Тэрбээр мөн “Допинг илэрсэн нь батлагдвал барилдах эрхийг нь хоёр хүртэлх жилээр хасч, түрүү бөхөд олгосон бай, шагнал, цолыг нь хураана. Гэхдээ улсын цолыг Ерөнхийлөгчийнг зарлигаар олгодог учраас Ерөнхийлөгч шийднэ” гэлээ.
Б.Баяр