“Хуримтлалтай – Хувьцаатай иргэн” аян Хэнтий аймагт 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 5-ны өдрүүдэд өрнөх бөгөөд 11 дүгээр сарын 1-нд тус аяны нээлт Хан Хэнтий чуулгад боллоо. Үргэлжлээд “Хувьцаагаа хэрхэн ашиглах” , “Ач холбогдол” , “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар иргэдтэй уулзах уулзалт Хэрлэн сумын 1-6 дугаар баг дээр боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд хувьцаа эзэмшигч, иргэдийн бүртгэлийг хийж байгаа учраас тус компаниас төрийн байгууллагуудтай хамтран иргэн бүрт хүрч ажиллахаар төлөвлөжээ. Улс орон даяар үргэлжилж буй тус аянаар 21 аймаг, бүх суманд, иргэдэд, хувьцаа эзэмшигчиддээ хүрч ажиллах, хүсэлт, санал санаачилгыг сонсох, ногдол ашгийн бодлогод санал авах, танилцуулах, бүртгэл баталгаажуулалтын ажлыг зохион байгуулж байгаа аж. Хэрэв иргэн та хувьцааны дансаа нээлгэж амжаагүй бол “Өндөрхаан инвест” брокер дилерийн компанид хувьцааны данс нээх, анкет бөглөх, гэрээ байгуулах боломжтой бөгөөд Төрийн үйлчилгээний нэг цэгээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Д.Одонтунгалаг. Хэнтий /МОНЦАМЭ/