“Эрдэнэс-Тавантолгой” ХК “Их говийн илч” ХХК-тай хамтран сайн чанарын нүүрс угаан баяжуулж, экспортлох боломжтой болов. Энэ дагуу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний дээж хүлээн авах үйл ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн салбарт зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Их говийн илч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Мөнхбат болон компанийн ажилтнууд оролцлоо. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “энэ жил манай компани улсын төсөвт 1,6 их наяд төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс одоогийн байдлаар 2,4 их наядыг төвлөрүүлж, 41 хувийн давуулан биелэлттэй ажиллаж байна. Цанхийн ордоос олборлосон исэлдсэн, коксжих, балансын бус бохирдолтой нүүрсийг тодорхой харьцааны дагуу хольж угаах ажлыг эхлүүлэн шинээр боловсруулсан бүтээгдэхүүн гаргахаар “Их говийн илч” компанитай хамтран ажилласан нь өнөөдөр ийн биелэлээ оллоо. Тодруулбал, жи индекс буюу 75-80 хувийн сайн чанарын нүүрсийг экспортлох бүрэн боломжтой болж байна. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж, зах зээлд гаргаснаар эдийн засгийн эргэлт нэмэгдэж, гуравдагч орон руу экспортлох боломжтой болохын зэрэгцээ ажлын байр олноор бий болох давуу талтай юм” гэж ярилаа.
Их говийн илч” ХХК анхны нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг өнгөрсөн тавдугаар сараас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай, орон нутгийн статустай, жилд 500,000 тонн нүүрс угаах хүчин чадал бүхий нүүрс угааж, баяжуулахүйлдвэр юм. Энэхүү хамтын ажиллагаа нь цаашид төр хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишээ болохыг хоёр талаас онцоллоо.
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРАА УРАМШУУЛЛАА
Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд нүүрс тээврийн компаниуд, жолооч нарын нийгмийн асуудлыг сайжруулахад дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд жолооч нарын эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөл, авто замыг сайжруулах чиглэлээр бусад байгууллагуудтай хамтран төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Компани богино, холын зайд нүүрс зөөн, урд хөрш рүү нийлүүлэхээр 180 гаруй аж ахуйн нэгж, 14 000 орчим жолооч хамтран ажилладаг бөгөөд найдвартай, тасралтгүй тээвэрлэлтэд чухал үүрэг гүйцэтгэж буй тээвэрчдээ урамшуулах, идэвхжүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ “Саятан жолооч” шалгаруулах арга хэмжээг зохион байгуулав. Шилдэг жолооч нарт шагнал гардуулах арга хэмжээ 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Цанхи хотхонд болсон бөгөөд гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй холбогдох нэгж, албадын ажилтнууд болон нүүрс тээврийн компаниудын төлөөлөл, жолооч нар оролцлоо. Энэ удаад шилдэг тээврийн компани тав, осолгүй манлай жолооч 40, шилдэг жолооч 80, шилдгийн шилдгээр эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр жолооч шалгаруулав. Шилдгүүдийг явсан замын хэмжээ, тээсэн ачааны жин, осол эндэл гаргаагүй байдал, хөдөлмөрийн болон техникийн аюулгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдлаа хэрхэн хангаснаар нь үнэлсэн юм. 2019 оны шилдгийн шилдэг эмэгтэй жолоочоор шалгарсан Ц.Уранчимэг “Би Дархан-Уул аймгаас ажилдаа ирж, очдог. 21 хоног ажиллаад, долоо хоног амардаг бөгөөд жолооч болоод 15, “Говь транс” компанид харьяалагдан “Эрдэнэс-Тавантолгой”-н нүүрс тээвэрт дөрвөн жил гаруй явж байна. 95 тоннын даацтай автомашин жолоодох амаргүй, орчин нөхцөл хүнд боловч хийснийхээ хэрээр хөдөлмөрөө үнэлүүлдэг, цалин хангамж сайтай тул ажилдаа дуртай. Сүүлийн жилүүдэд жолоочдын нийгмийн асуудлыг сайжруулахаар аж ахуйн нэгжүүд хичээн, эрүүл мэндийн үзлэгт хамруулан, авто замыг чанаржуулж байгаад талархууштай. Анх удаа “Саятан жолооч” болсондоо баяртай байна, цаашид хичээн ажиллах урам авлаа” гэв.