Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан Ажлын хэсэг Архангай, Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, нөхөн сэргээлт хийлгэж эхэлсэн. Энэ хүрээнд БОАЖЯ, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, тагнуул, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж 12 цэгт агаараас хяналт, тандалт хийлээ. Энэ удаа уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн зургийг авч баримтжуулан, хууль, хүчний байгууллагууд координатаар нь бүртгэлээ.
Ажлын хэсгийнхэн мөн аймгийн удирдлагуудтай уулзаж хууль бус уул уурхай эрхлэлтийг таслан зогсоохтой холбоотой мэдээлэл солилцож, үүрэг, даалгавар өгөв. Тухайлбал бүртгэлгүй техник хэрэгслийг шууд журамлах эрх, үүргээ орон нутаг хэрэгжүүлж ажиллах ёстойг анхаарууллаа. Хууль бус уул уурхай эрхлэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалт явуулахаа улам чангатгана гэдгийг Ажлын хэсгийн ахлагч, сайд Н.Цэрэнбат хэлэв. Ойрын үед Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зарим хийдэл, давхардлыг арилгахаар төлөвлөж байна. Тухайлбал техник хэрэгслээ бусдад түрээслүүлсэн бол тухайн техник хэрэгслийг хурааж улсын орлого болгох, улмаар түрээслэгч этгээд түрээслүүлэгчийн хохирлыг барагдуулдаг байх төслийг УИХ-аар хэлэлцүүлэх юм.
Хууль бус уул уурхай эрхэлж байгаатай тэмцэхэд хүн хүч, техник хэрэгсэл , хөрөнгө дутмаг зэрэг хүндрэл байгааг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэллээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын төлбөрөө төлдөггүй, зөвшөөрөлтэй талбайгаа бусдад түрээслүүлдэг, өөр компаниуд оруулж ирдэг зэрэг зөрчил гардаг байна. Түүний танилцуулснаар Сэлэнгэ аймагт 14 аж ахуйн нэгж хуулийн хүрээнд ажиллаж байна. Аймгийн удирдлагууд хууль бусаар ажиллаж байгаа нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн 122 тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа Ажлын хэсэгт өглөө. 2019 оны байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 180 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. Энэ нь аймгийн 13 сумын 105,790.85 га талбайг хамардаг юм