Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсын төрийн бүх тэргүүнд бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараа олгодог Ерөнхийлөгчийн тусгай тэтгэврээс татгалзжээ.
Эл шийдвэрийг тэрбээр түүний Засгийн газраас санал болгосон тэтгэврийн шинэчлэлийн эсрэг томоохон эсэргүүцлийн ажиллагаа өрнөж буй үеэр гаргасан байна. Францын Ерөнхийлөгч байсан хүмүүс сард 6000 еврогийн тэтгэвэр авдаг аж. Тэтгэврээс татгалзаад зогсохгүй, ерөнхийлөгчийн тэтгэмжийг улс орны тэтгэврийн тогтолцоотой уялдуулахаар төлөвлөж байна гэж Францын Ерөнхийлөгч мэдэгджээ. Макроны энэхүү шийдвэр нь Франц улсын ирээдүйн Ерөнхийлөгч нарт нөлөөлж магадгүй байна.
Макрон мөн Үндсэн хуулийн шүүхийн гишүүн болохоос татгалжээ. Францын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс сард 13.5 мянган еврогийн цалинтайгаар насан туршдаа Үндсэн хуулийн шүүхийн гишүүн болдог аж.
Францын RTL радиогийн тооцоолсноор, Макрон нийтдээ 8 сая евро алдаж магадгүй байна. Хэрэв тэр ерөнхийлөгчийн анхных нь бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа 44 настайдаа улс төрөөс гарч, 80 насалбал /Францын эрэгтэйчүүдий дундаж наслалт/ ийм их хэмжээний тэтгэвэр тэтгэмж авах аж.
Францын Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг эсэргүүцсэн томоохон хэмжээний эсэргүүцлийн ажиллагаа тус улсад үргэлжилсээр байгаа юм. Төмөр замчид, метроны ажилчид, багш нар болон үйлдвэрчний бусад эвлэлийн гишүүд ажил хаялт зарлажээ. Эрх баригчид зарим буулт хийсэн боловч эсэргүүцлийн ажиллагаа намжихгүй байгаа юм гэж МОНЦАМЭ мэдээллээ.