УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Б.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Сургалтын төрийн сан байгуулагдсан 1993 оноос хойш 30 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, 70 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн зээл, 1997 оноос хойш 2200 иргэн гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахдаа сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл, 2000 оноос хойш 55 мянга гаруй төрийн албан хаагчийн хүүхэд сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан байна.
Засгийн газраас баталсан журамд зааснаар дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцан төгссөн иргэний ажилласан жилийг харгалзан 2004, 2008 онд зээлээс чөлөөлж байжээ. Гэвч одоогийн байдлаар 14413 иргэний дээд боловсролын диплом 16.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа юм байна.