Коронавирусийн халдварын тархалт өндөртэй улс орнуудаас иргэдээ татаж авах ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 266 зорчигч ирлээ. Тэднийг тусгаарлах байранд 21 хоног тусгаарлана. Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Токиогоос ирж байгаа 266 зорчигч оношилгоо хийлгэж чадаагүй. Маш өндөр эрсдэлтэй нислэг ирж байна. Дотор нь 56 иргэн АНУ-аас дамжин ирж байгаа. Европ улсуудаас ч ирж байна. Тийм учир Токиогоос ирж байгаа хүмүүс онцгой анхаарал татаж байна. Яаралтай ХӨСҮТ-д тусгаарлана. Өвчний дэгдэлт өндөр байгаа орнуудаас ирж байгаа хүмүүсээ хамгийн түрүүнд ХӨСҮТ-д байрлуулж, шинжилгээ хийнэ. Цаашдаа 3 хоногийн дараа бусад иргэдээ оношилгоонд оруулна, нэг биш хэд хэдэн удаа оношилно. 21 хоногийн дараа гэрийн хорионд оруулах, эсэхээ шийднэ” гэлээ.
Д.Бат