Гадаад улсаас иргэдээ татах авах ажиллагаа үргэлжилсээр байна. Өнөөдөр өглөөний 08.09 цагт Япон улсаас 258 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Токио хотын зүг хөөрлөө.
Хуваарь ёсоор 19.15 цагт Улаанбаатарт газардах уг нислэгээр бага насны хүүхэдтэй 52 гэр бүл, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86, нийт 258 иргэн эх орондоо ирэх аж.
Тэднийг шууд тусгаарлах байранд хүргэж, шинжилгээ хийгээд 21 хоног тусгаарлах юм. Хамгийн гол нь тусгаалалтын дүрэм журмыг зөрчихгүй, 21 хоногийн дараа гэрийн тусгаарлалтанд шилжсэн ч дүрэм зөрчиж хүндрэл учруулахгүй байхыг албаныхан анхааруулж байгаа юм. Иргэдээ татах ажиллагаа цаашид үргэлжилнэ.