Зарим нам эвсэл сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэх мэт болчимгүй мэдэгдэл хийж эхэлж байгаад харамсаж байна
Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны ажил дуусч, сонгогчийн санал авах ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан сонгуульд оролцож буй нам, эвслийн удирдлагуудад сонгуулийн бэлтгэл ажлын тухай танилцуулж, цаашид сонгуулийн албан ёсны дүн гартал хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, анхаарах зүйлсийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. Сонгуулийн 2070 хэсгийн хороонд 35 мянга гаруй хүн ажиллаж байна. Сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулж явуулахад иргэд сонгогчид, сонгуульд оролцож байгаа нам, эвслийн ажилтнууд, сонгуулийн хороодын нийт бүрэлдэхүүн анхаарах нь зүйтэй. Нам, эвслийн удирдлагуудад анхааруулж хэлэхэд Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсны сонгуулийн дүн танилцуулаагүй байхад ямар нэгэн мэдээлэл хийхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй байна. Зарим нэг нам, эвслээс сонгогчийн санал авах ажил ч эхлээгүй байхад сонгогчдыг төөрөгдүүлсэн мэдээлэл хийж, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэх мэт болчимгүй мэдэгдэл хийж эхэлж байгаад харамсаж байна. Ийм төрлийн үйл ажиллагаа, мэдэгдэл нь хууль зөрчиж, сонгогчдын эрхэнд хүндэтгэлгүй хандаж буй үйлдэл гэдгийг ухамсарлах ёстой. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ягштал мөрдөж ажиллах ёстой. Хэрвээ хууль зөрчсөн үйлдэл гаргавал Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиар хариуцлага ногдуулахаар заасан байдаг” хэмээн анхаарууллаа.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО