“ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР ТҮГЭЭСЭН ХУДАЛ, БҮРЭН БУС, БУСАД МЭДЭЭЛЛИЙН СУДАЛГАА” ОНЛАЙН ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
Орон нутгийн сонгуулийн үеэр Фэйсбүүкээр түгээсэн мэдээллийн 75 хувь нь төрөл бүрийн ил, далд ухуулга, сурталчилгаа болон өрөөсгөл, дэгсдүүлсэн, бүрэн бус, гуйвуулсан мэдээлэл байв.
УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаанд Фейсбүүкээр түгээсэн, сонгуультай холбоотой мэдээллийг шинжилж үзэхэд 80 гаруй хувь нь төрөл бүрийн ил, далд ухуулга, сурталчилгаа болон өрөөсгөл, дэгсдүүлсэн, бүрэн бус, гуйвуулсан мэдээлэл байсан тухай судалгааг бид өмнө танилцуулсан.
Иймд Хэвлэлийн Хүрээлэнгээс судалгаагаа өргөжүүлж бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаанд өдөр тутмын хэвлэл болон телевизээс гадна Фейсбүүк, Твиттерт түгээсэн мэдээллийн цар хүрээ, шинж чанарыг судаллаа. Учир нь ИТХ-ын сонгууль буюу Орон нутгийн сонгууль нь ард иргэд өөрт хамгийн ойрын төлөөлөгчдөө сонгож буй сонгууль учраас олон талаар чухал сонголтын цаг билээ.
Уг судалгааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэв.
Орон нутгийн сонгуулийн үеэр хийсэн судалгааны үр дүнгээс дурдахад сонгуулийн сурталчилгааны хугацаанд Фейсбүүкт төөрөгдүүлсэн, ухуулсан, бүрэн бус мэдээлэл, үзэл бодол давамгайлж байв. Энэ хугацаанд дүн шинжилгээ хийсэн сонгуультай холбоотой мэдээллийн 75 хувь нь төрөл бүрийн ил, далд ухуулга, сурталчилгаа болон өрөөсгөл, дэгсдүүлсэн, бүрэн бус, гуйвуулсан мэдээлэл байв. Харин 17 орчим хувь нь нам, нэр дэвшигчийн нэр, лого бүхий хууль ёсны сурталчилгаа, үлдэж буй дийлэнх хэсэг нь хувь хүний үзэл бодол, мөн бусдын үзэл бодлыг баримт мэт харагдуулах, нэр дэвшигч, нам, эвслийн нэр хүнд, итгэл үнэмшлийг унагах, дөвийлгөх, буруутгах, эргэлзээ төрүүлэх зорилго бүхий мэдээлэл байв.
Сонгуультай холбоотой бүрэн бус, гуйвуулсан, төөрөгдүүлсэн, худал мэдээллийг аль болох олон хүний анхааралд хүргэхийн тулд мэдээлэл түгээгчид 7-8 төрлийн арга ашиглажээ. Эдгээрээс хэрэглэгчдийг төөрөгдүүлэхийн тулд агуулгыг хэтрүүлэх, хэт ерөнхийлөн хялбаршуулах, шоолох, гоочлох зэрэг арга техникийг хамгийн түгээмэл ашиглаж байв. Мөн хэн нэгний үзэл бодлыг баримт мэтээр тунхаглах арга тодорхой түвшинд ажиглагдав.
Цаг үеийн мэдээллийн хэрэгслийн Фейсбүүк хуудсаар ИТХ-ын сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеэр түгээсэн нийт мэдээллийн 62 хувьд нь хэн нэгэн нэр дэвшигч, улс төрчийн тухай дурдсан байв. Нэр дурдагдсан байдлыг хүйсээр авч үзвэл 40 хувьд эрэгтэй, эмэгтэй аль алиныг, 57 хувьд нь зөвхөн эрэгтэй, 3 хувьд нь зөвхөн эмэгтэй нэр дэвшигч, улс төрчийн талаар шууд болон шууд бусаар хамаатуулан дурдсан байлаа.
Мөн өдөр тутмын сонин болон телевизээр түгээсэн сонгуультай холбоотой нийт мэдээлэл, сурталчилгааны 31 орчим хувь нь эмэгтэй нэр дэвшигчдийн тухай байв. 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны агуулгатай харьцуулбал, орон нутгийн сонгуулийн үеэр эмэгтэй нэр дэвшигчдийн талаарх агуулга 11 хувиар илүү байв. Үүний зэрэгцээ эмэгтэй нэр дэвшигчдийн хувийн шинж чанар, нийгмийн хүлээлтийг илэрхийлсэн хэвшмэл буруу ойлголт бүхий үг хэллэг УИХ-ын сонгуулийн албан ёсны сурталчилгааны үетэй харьцуулахад бага байсан бөгөөд эмэгтэй нэр дэвшигчдийг голдуу ажил мэргэжлээр нь онцлон тодорхойлох хандлага түгээмэл байлаа.
Дэлгэрэнгүй мэдээлэл дүрс, зургийг доорх Live-аас авна уу.
https://www.facebook.com/PressInstituteMongolia/videos/443691023613856 \
Судалгааг бүтнээр нь доорх холбоосоор татаж авна уу.