УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн Авто зам, гүүрийн байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Оюунбилэг: Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 94 мянган метр урт хайс байдаг. Үүнээс 500-600 метр хайсыг жил тутамд машинаар дайрч, гэмтээдэг гэдэг нь судалгаанаас харагдаж байна. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 82 гэмт хэргийн улмаас 536 метр урт хайсыг дайрснаас 436 метрийг нь огт ашиглах боломжгүй болтол дайрсан байх жишээтэй. Үлдсэн хайсыг сэргээгээд буцааж тавьсан. Авто замын хайс, хашлагыг жолооч нар хариуцлагагүй байдлаасаа болж мөргөж, шүргэж эвддэг. Шөнө оройн цагаар согтуугаар машин барьснаас хашлага эвддэг бол өдрийн цагаар нэг нь нөгөөгөө шахсан болон тоормосны гишгүүр доогуураа гар утас, ус, ундааны сав унагасан зэргээс болж хайс дайрах тохиолдол сүүлийн үед их гарч байна.