ГБХЗХГ-ын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Өлзийхутагийн “Угийн бичиг хөтлөхөд ахмад настны гүйцэтгэх үүрэг, оролцоо” сэдэвт итгэлийг товчлон хүргэе.
УДМАА ТАНЬЖ ХҮН БОЛДОГ, УСАА МЭДЭЖ МАЛ БОЛДОГ /Монгол мэргэдийн сургаалиас/. Монголчуудын үндэсний соёл, ёс уламжлал асар баялаг, гүн агуулгатай байдгаас хамгийн чухал нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал болсон “Монгол хүний удмын сан”-г эрүүл авч явах үндэс болох угийн бичиг хөтлөх уламжлал юм.
- Угийн бичиг нь гэр бүлүүдийн ураг төрлийн холбоог илэрхийлж, аль үед хоорондоо ураг барилдаж гэрлэж болох эсэхийн хязгаарыг тогтоож өгдөг. Угийн бичиг хөтлөн ураг төрлийн хамаарлын хүрээгээ тогтоосноор ураг төрөл ойртсон гэрлэлтээс сэргийлж улмаар эрүүл саруул удамтай байх нөхцөлийг бүрдүүлнэ.
- Эрүүл саруул удам бий болгоно гэдэг Монгол хүний хөгжилд оруулж буй том хувь нэмэр юм. Гэр бүл ураг төрөлтэй холбогдох соёлын нэгэн хэсэг болсон угийн бичиг ба угийн бичиг хөтлөлтийн талаарх ойлголт, хөтөлж ирсэн уламжлалыг монголчууд үр хүүхэд удам угсаандаа зааж сургаж ирсэн.
Монголчууд өнө эртнээс цус ойртолтын аюулыг мэдэрч түүнээс хамгаалах талаар овгоо сайн мэдэж овог дотроо үл гэрлэх зарчмыг мөрдөх, угийн бичиг хөтлөх, нүүдлийн мал аж ахуйн нутаг сэлгэн нүүдэллэх зайлшгүй хэрэгцээг ашиглан хол нутгийн хүмүүс танилцтал, дотнослын хүрээгээ өргөжүүлэх, ураг барилдах зэрэг үндсэн арга замыг хэрэглэж ирсэн зэрэг уламжлалтай.
Харамсалтай нь 1925 онд Монгол Улсын Засгийн Газрын нууц тогтоол гарч монгол хүн овгоо хэрэглэх, угийн бичгээ хөтлөхийг хорьсон байдаг. Тэр цагаас хойш бүхэл бүтэн 90 гаруй жилийн турш бид угийн бичгээ хөтлөлгүй эцгийн нэрийг овог болгон хэрэглэсээр ирэв.
Засгийн Газрын 1997 оны 17 дугаар тогтоолын дагуу овог сэргээн тогтоох, шинээр овоглуулах ажил хийхдээ хэрэглэсэн аргууд нь нэг эцэг, эхийн үр удмыг өөр өөр овогтой болгосон; эцгийн хоорондоо ураг төрлийн огт хамаагүй нэг гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр ижил овогтой болсон; овгийг өвлөн эхийн овгийг тооцох явдлыг орхигдуулсан зэрэг олон гажуудал үүсгэсэн нь цус ойртолтоос хамгаалах бус харин ч улам будилуулах арга барил болж хувирсан юм. Өнгөрсөн хугацаанд монгол хүн өөрөөсөө дээш 9 үе дотроо гэрлэж цус ойртохгүйн тулд угийн бичгээ хатуу чанд хөтлөн хэрэглэдэг байсан монгол заншил бүрмөсөн алдагдсан.
Овог хэрэглэх шаардлага
- Овог хэрэглэх үндсэн шаардлага бол цус ойртолтоос сэргийлэх юм. Гэтэл одоогийн овгийн хэрэглээ нь Монголчуудыг цус ойртолтоос сэргийлэх арга биш болсон гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Төрсөн ах дүү хоёр өөр овогтой байхаас эхлээд үүнийг нотлох олон жишээ бий.
- Цус ойртолт, түүний үр дагавар: Нэгэн эцэг, эхээс гаралтай, тэдгээртэй болон өөр хоорондоо удмын сангийнхаа тодорхой хувиар төрлийн холбоо бүхий хүмүүс хоорондоо ураг холбож гэрлэхийг цус ойртсон гэрлэлт буюу товчоор цус ойртолт гэдэг. Манай хүн амын дотор цус ойртолтын шууд үр дагавар болох оюуны хомсдол, төрөлхийн хөгжлийн гажиг, согогийн илрэл түгээмэл ажиглагдаж, хүн амын өвчлөл учир битүүлэг шалтгаанаар жил ирэх тутам улам нэмэгдэх болсон.
- Монголын хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн байдал: Монголын хүн амын дотор өөрөөс дээш 3-4 дэх үеийн ах дүү нар гэрлэхэд илэрдэг цус ойртолтын түвшин тогтоогдсон ба энэ нь монголчууд бид авга өвөө, авга эмээ болон нагац өвөө, нагац эмээгээсээ дээш өвөг дээдсийнхээ тухай мэдээлэлгүй болсонтой шууд холбоотой.
Цус ойртолт гэж юуг хэлэх вэ?
- Нэгэн эцэг, эхээс гаралтай, тэдгээртэй болон өөр хоорондоо генийн сангийнхаа тодорхой хувиар төрлийн холбоо бүхий хүмүүс хоорондоо ураг холбож гэрлэхийг хүн амын генетикийн шинжлэх ухаанд “цус ойртсон гэрлэлт” буюу товчоор “цус ойртолт” гэдэг.
- Хүн ам дахь цус ойртолтын хэлбэрийг “шууд цус ойртолт”, “алсуур цус ойртолт” хэмээн хоёр ангилдаг.
- Цус ойртох үзэгдэл нь хүн амын дотор олон үе удмын турш үл анзаарагдах байдлаар явагддаг генетик процесс юм. Хувь хүн болон нийт хүн амын генийн (удмын) санд цус ойртсон гэрлэлтээр хүний биологийн төрөлхийн шинж чанарыг доройтуулдаг, элдэв удамшлын согог үүсгэдэг, амьдрах чадварыг хөнөөх хор уршигтай юм.
- “Монголчуудын цус ойртолт” /2005/ судалгаагаар Монголд 1000 хүн тутамд 9,7 (11) хувь нь цус ойртолтоос шалтгаалсан оюун ухааны хомсдолтой гэж гарсан байна.
- Хүн судлалын үндэсний төв цус ойртолтын коэффициентийг тооцож бүх аймгаар гаргажээ. Коэффициентийг нэгтэй тэнцүү гэж үзвэл түүний 97.24 хувийг шууд цус ойртолт эзэлж байгаа бөгөөд дөрөв дэх үе буюу хуланц өвгийнхөө үед цус ойртжээ.
- 2005-2009 онд төрсөн уруул, тагнай нь сэтэрхий, зүрхний гажиг, нугасны ивэрхий, хошного нь битүү гэх мэт 10 төрлийн төрөлхийн хөгжлийн гажиг бүхий 689 тохиолдлыг цус ойртолттой холбоотой эсэхийг судлахад 95%-д нь холбоотой болох нь нотлогджээ. 19 төрлийн бүлэг өвчин, 32 төрлийн хорт хавдраар Монгол хүн өвчлөх нас барахад цус ойртолтын түвшин нөлөөтэй болох нь тогтоогджээ.
Монголын хүн ам дахь гэрлэлтийн байдал
- Хөдөөгийн багийн хувьд нэг багийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 85,4%,
- Нэг сумын уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 73,9%,
- Нэг аймгийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 86,1%-ийг тус тус эзэлж байна.
Дээрх судалгааны үр дүнгээс үзвэл:
- Нэг сум доторх хөдөөгийн багууд хоорондын,
- Нэг аймгийн сумд хоорондын,
- Аймгууд хоорондын гэрлэлтээр хүн амын дотор цус холилдох үзэгдэл үндсэндээ зогсонги байдалд оржээ. Монголын хүн ам дахь гэрлэлтийн тогтолцоонд нэг баг, нэг сум, нэг аймгийн хүмүүс хоорондоо гэрлэх үзэгдэл илт давамгайлах болсон нь хүн амын дотор цус ойртолтын түвшинг шууд болон алсуур өсгөх ноцтой шалтгаан болж байна.
Цус ойртолтын үр дагавар
Хүн амын дотор цус ойртолтын түвшин хэт ихсэх нь дараах уршигт үр дагаврыг бий болгодог.
Үүнд:
- Хүний оюун ухаан, сэтгэхүйн чадавхийн түвшин буурах,
- “Оюуны хомсдол”-той төрөх хүүхдийн тоо өсөх
- Удамшлын өвчин, төрөлхийн согог, гажигтай төрөх хүүхдийн тоо өсөх
- Хүний өвчин эсэргүүцэх дархлааны түвшин буурах, бие бялдрын өсөлт давжаарах,
- Аминчхан буюу амиа аргацаах сэтгэлгээт хүний тоо хүн амын дотор эзлэх хувь байнга нэмэгдэх
Цус ойртолтын үр дагавар
- Халдварт ба шимэгчит зарим өвчин
- Хорт хавдар
- Цус, цус бүтээх эрхтний өвчин ба дархлалын механизм хамарсан зарим эмгэг
- Дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчин
- Сэтгэцийн ба аягийн эмгэгүүд
- Мэдрэлийн тогтолцооны өвчин
- Нүд түүний дайврын өвчин
- Чих ба хөхөнцрийн өвчин
- Цусны эргэлтийн тогтолцооны өвчин
- Амьсгалын тогтолцооны өвчин
- Арьс, халимын өвчин
- Яс булчингийн тогтолцоо, холбох нэхдэсийн өвчин
- Шээс, бэлгэсийн тогтолцооны өвчин
- Жирэмслэх, төрөх, төрсний дараах үеийн өвчин
- Төрөх тойрны үед үүсэх оёг
- Төрөлхийн гажиг, хэв гажил, өнгөт цогцсын гажуудал
- Хаана ч ангилаагүй хам шинж, эмнэлзүйн ба лабораторийн шинжилгээний гаж үзүүлэлтүүд
- Бэртэл, хордлого ба бусад гадны шалтгаант зарим үр дагавар
МОНГОЛЧУУДЫН УРГИЙН ОВОГ, ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ
Овог хэрэглэх үндсэн шаардлага бол цус ойртолтоос сэргийлэх юм.
Монголчууд эртнээс цус ойртолтын аюулаас хамгаалах дараах аргыг хэрэглэж байсан байна:
- Овог хэрэглэх /овгоо нарийн мэдэх овог дотроо гэрлэхгүй байх/
- Гэрийн ургийн бичиг хөтлөх
- Хүн амын хөдөлгөөнийг тэтгэх /нутаг сэлгэн нүүдлэх/
Манай улс 1990-ээд оноос өрнөсөн ардчилсан хөдөлгөөн түүний шууд үр дүн ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш төрөөс хүн амын талаар баримталсан бодлогын хүрээнд гаргасан чухал шийдвэрийн нэг бол 1997, 2007 онд батлагдсан “Угийн бичиг хөтлөх” тухай Засгийн Газрын тогтоол юм. Энэ тогтоол болон иргэний паспортыг иргэний үнэмлэхээр сольсноос шалтгаалж хүн бүр “ургийн овог”-той байх зайлшгүй шаардлагатай болжээ. Ургийн овгийн өнөөгийн хэрэглээний байдлаас үзэхэд, ургийн овгийн ач холбогдол болон түүний талаарх иргэдийн ойлголт нимгэн байснаас голлон шалтгаалаад монголчуудын дийлэнх нь дундад эртний үеийн нийгмийн зохион байгуулалтын нэгжийн нэрийг (боржигон, хиад, урианхан, сартуул г.м) өөрсдийн ургийн овог хэмээн оноож авсан байна.