Талх бол өрх бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон чухал хүнс билээ. Өнгөрөгч долоо хоногт Төв талбайд үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд тайван жагссан. Тэдний зарим нь Атар талхыг хоёр хувааж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Учир нь, цалин орлого өсөөгүй энэ үед өдөр тутмын хэрэглээ болсон талхны үнэ өссөөр байгаа юм. Тиймээс зарим иргэн талхыг хоёр хувааж авч байгааг эрх баригчдад харуулахыг хүссэж байв. Гэвч тус жагсаал дууссанаас ердөө хоёр өдрийн дараа Атар талхны үнэ 200 төгрөгөөр өслөө.
ГУРИЛ БОЛОН, ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ, ГЭВЧ ТАЛХНЫ ҮНЭ ӨССӨӨР…
“Уржигдар 200 төгрөгөөр нэмэгдсэн учир авч чадахгүй хүмүүс ч байна. Мантуу жигнэж идэх гээд гурил, исгэгч авах хүмүүс олширсон” гэж хэлэх худалдагчтай хэдэн удаа тасарснаа тодорхой хэлэхэд бэрх боллоо. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хайлаастын гудамж хавьцаа нэлээд хүнсний дэлгүүр бий. Гэвч биднийг очиход өрийн дэвтэр нь зузаарч, бараа бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй болсны улмаас үүд хаалгаа барьсан хэд хэдэн хүнсний дэлгүүр байв.
Иргэдийн орлого болон үнийн өсөлтийн харьцаа тэнгэр газар шиг ялгаатай болсон энэ үед хотын захын хороололд хүнсний дэлгүүр ажиллуулна гэдэг хүндхэн даваа гэдгийг худалдаачид хэлж байсан юм. Хүнсний дэлгүүр хотын хаана байрлаж байгаагаас шалтгаалан үйлчлүүлэхэд асах их ялгаатай байдаг. Хайлааст орчмын дэлгүүрт толгойн махан таташ, нохойн хоол, граммаар савласан будаа зэргийг сурагласан хүнтэй олонтоо таарсан бол хотын төвд эсрэгээрээ гэж хэлж болно.
Амьдралын завгүй хэмнэлээс үүдэн барааны үнийг анзаарч харах ч сөхөөгүй шуудхан худалдан авалт хийгээд гарах гэж яарсан хүмүүс талхны үнэ өссөнг ч анзаардаггүйг зарим худалдагч ярьж байв. Нарийн боов үнэтэй болсон тул гэртээ боорцог хайрахыг илүүд үзэх болсон ч өөрсдөө боорцгоо хийхэд ч асуудалтай болжээ. Учир нь, боорцог хайрахад шаардлагатай ургамлын тосны үнэ нэмэгдсэн тул аргагүйн эрхэнд исгэгч, гурил хоёрыг аваад гардаг аж.
Чингэлтэй дүүргийн 13-р хороонд оршин суух хүнсний дэлгүүрийн худалдаачин Б.Нямсүрэн “Нэлээн дээр л Атар талхны үнийг нэмнэ гэсэн сураг дуулдаж байсан. Тэгээд гэнэт нэг өглөө 1600 төгрөгөөр аваад ирсэн. Үндэсний үйлдвэрлэгч нэртэй компаниуд зарим үед иргэдийн амьдралыг ойлгож байх хэрэгтэй шүү дээ. Ялангуяа түүхий эдээ дотоодоосоо хангаж байгаа компаниуд ингэж огцом үнээ нэмэхээ болих хэрэгтэй байна. Үүн дээр төр засаг ч гэсэн бага зэрэг зохицуулалт хийж болдоггүй юм уу.
Худалдан авагчдын чадамж буурч байгаа нь нүдэн дээр илт байна. Цаанаасаа үнэ нэмэгдээд ирсэн бараагаа зарах гэхээр бид өөрсдөө дур мэдээд нэмсэн юм шиг авирлаж, уур уцаараа гаргах иргэн олон байна. Гэхдээ нэг талаараа тэдний зөв шүү дээ.
Хичээж олсон хэдэн төгрөгөөрөө хангалттай хүнс авч чадахгүйдээ л бухимдаж байгаа. 10 мянган төгрөгөөр уут гурилан боорцог, цаастай сүү хоёр авч чадахгүй байна.
Саяхан иргэд үнийн өсөлтийн эсрэг бухимдсандаа шаардлага хүргүүлж жагссанаас хоёр хоног өнгөрөөд л талхны үнэ нэмэгдчихлээ. Гурилын үнэ хэвээрээ, нэг килограмм элсэн чихрийн үнэ тодорхой хэмжээгээр өссөн байна. Гэхдээ нэг уут боорцогт килограмм элсэн чихэр орохгүй шүү дээ” гэлээ. Хэд хэдэн хүнсний дэлгүүрээр ороход дээрхтэй ойролцоо хариулт өгч байсан юм.
БООРЦОГ ХАЙРАХЫН ТУЛД ДЭЛГҮҮРЭЭС ӨӨХӨН ТОС СУРАГЛАХ ХҮМҮҮС ОЛШИРЧЭЭ
Хүнсээ 14 хоногоор нөөцөлж авч дийлэхгүй, цаашлаад ширхэглэж, граммаар хэмжиж авах хүнтэй энд тэндгүй тааралдана. Зарим дэлгүүрт ороход байцайг таллаж, бүүр дөрөв хувааж тавьсан ч харагдав. Учир нь ногооны үнэ өссөн энэ үед бүтэн байцай худалдаж авах чадалтай хүн цөөрсөн гэдгийг Хайлаастын гудамж орчимд хүнсний дэлгүүр ажиллуулах иргэн Б.Бадрал тайлбарлав.
Тухайн иргэн хүнсний дэлгүүрт худалдагч хийгээд удаж байгаа аж. Эхэндээ цагаа будаа, элсэн чихэр, ургамлын тос болон хүнсний ногоог хэд хэдэн хэсэг болгон хувааж худалдахаас төвөгшөөдөг байж. Харин сүүлийн үед өдрөөс өдөрт амьдрал нь доройтох хүн нэмэгдсэн тул талласан ногоо, граммаар хуваасан будаа, гурил мэр сэр зардаг болсон гэнэ. Тиймээс заримдаа цагаан будааг 300 граммаар таслаад зардаг байна.
Тэрбээр, “Талх чихэр компанийн тосонд хайрсан боорцогнуудын үнэ ч нэмэгдсэн. Мөн Өгөөж чихэр боов компанийн бүтээгдэхүүн хадгалах хугацаа урттай тул долоо хоногтоо нэг л удаа татан авалт хийдэг. Одоогоор тус компанийн гурилан бүтээгдэхүүний нэмэгдсэн зүйл үгүй. Оройхон тийшээ шинэ бүтээгдэхүүн ирнэ. Тэгэхдээ үнэ нь өсөж ирэх л байх” хэмээн санаа алдаж байлаа.
Дээр дурдсанчлан иргэд гэртээ мантуу жигнэж идэх нь ихэссэн тул исгэгчний борлуулалт өндөр болсон байна. Зарим үед өөхөн тос ч асууж ирэх хүмүүс байдаг гэнэ. Учир нь ургамлын тос нэр төрлөөсөө хамаараад дээд үнэ нь 10 мянган төгрөгт хүрсэн байна. Тиймээс аргаа барахдаа хүнсний дэлгүүрээс өөхөн тос асууж байгаа гэнэ. Мөн бидэнтэй таарсан тэтгэврийн насны иргэд “Авах хэцүү, авахгүй байх бүүр ч хэцүү байна” хэмээн халагласаар гарч одсон юм. Сард олгодог 500 мянган төгрөгөөрөө ойр зуурын хүнс болох талх, гурил, будаа, мах зэргээ хангаж ч чаддаггүй хэмээхдээ бухимдалтай байгаа нь илт харагдаж байв.
Худалдаачид талхны үнэ дээр 50-100 төгрөг л нэмж зардаг учир бид энэ мөнгөөр тэгтлээ баяжина гэж байхгүй гэдгээ хэлэв. Мөн “Хүмүүс үнийн өсөлтийг тоохоо больж, үүнтэй эвлэрсэн байна. Хүний л амьдрал” хэмээн суух худалдагчид байлаа. Товчхондоо УИХ-ын дарга ард иргэдээ хэмнэ гэж хэлэх зуур тэд аль хэдийн ширхэглэж болох бүхнийг салгаж авч амь зогоож байна. Өдөржин хөдөлмөрлөж тогтмол цалин авч буй иргэд ч цалинтай тулдаа өртэй байна хэмээсэн лоозон барьж Төв талбайд жагссан билээ. Харин тэтгэвэр, тэтгэмж авдаг болон өдрийн орлогоороо амьдралаа залгуулдаг иргэд ойролцоох дэлгүүрийнхээ өрийн дэвтэрт нэр, утас, гэрийн хаягаа сийлж үлдээнэ.
ЯАГААД ҮНЭ НЭМСЭН ШАЛТГААНАА НЭГДСЭН ЖУРМААР ИЛ ТОД МЭДЭЭЛНЭ ГЭВ
Нэгэн дэлгүүрийн худалдагчаас гуйж өрийн дэвтрийг хальтхан харвал иргэд ойр зуурын хүнс болох талх, гурилан боорцог, хүнсний ногоо, ургамлын тос, жижиглэсэн мах зэргийг авсан байгаа харагдана. Тэрбээр “Архи зээлээр авдаг хүн үгүй. Зээлж байж хүнсээ авдаг хэд маань ямар ч байсан орлоготой болсон үедээ мөнгөө найдвартай төлдөг. Архи уудаг хүнд архи зээлээр өгнө гэж юу байхав. Тэгээд ч тэд архины мөнгөө олчихоод л байдаг учир зээлдэггүй” хэмээнэ.
Худалдан авагчид гурил, исгэгч, хөрөнгө, давснаас өөр орцгүй талхны үнэ гэнэт өссөнг шүүмжилж байхад зарим нь үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэн болохоор үнээ нэмсэн байх хэмээх хариултыг өгч байлаа. Мөн талхны хөрөнгөө гаднын улсаас авдаг болохоор үнэ нь өссөн байх хэмээн хардаж буйгаа хэлж байсан юм.
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Г.Цэрэнпил “Боорцог, талхны үнэ л өссөөр байна. Заримдаа дэлгүүр ороод харахаар доод талдаа 300-400 төгрөгөөр ч өсчихсөн байдаг. Миний сая авсан цайны боов өмнө авахад 3500 төгрөг байсан. Гэтэл сая дэлгүүр ороод автал 4000 төгрөг болсон байна. Цалингаа 14 хоногоор хуваадаггүй, сардаа нэг удаа бөөнд нь авдаг болохоор өр зээл, элдэв төлбөрөө төлөөд үлдсэн 300-400 мянган төгрөгөөрөө сарын хэрэгцээгүй арайхийж л гүйцээнэ. Энэ янзаараа байнга өсөөд л байвал удахгүй гурилан бүтээгдэхүүн идэж ч чадахаа болихоор байна” гэв.
Амтай бүхэн үнийн өсөлтийг эсэргүүцэж, тэмцэж буй энэ үед үнэ нь хамгийн тогтвортой байх ёстой нэг үгээр хэлбэл иргэдийн амин чухал хүнс болсон талхны үнэ өссөнийг Талх чихэр компаниас тодруулахаар холбогдлоо. Талх чихэр ХК-ийн маркетингийн албанаас түүхий эдийнх нь үнэ тогтвортой байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг яагаад огцом нэмэх болсон талаар тодруулахад, Атар талхны үнийг 200 төгрөгөөр нэмсэн нь үнэн. Энэ талаарх санал гомдол олон ирж буй. Тиймээс бид ойрын хугацаанд хэрэглэгч олондоо хандаж үнээ нэмсэн шалтгаанаа компанийн зүгээс нэгдсэн байдлаар нээлттэй мэдээлэх болно. Тэр хүртэл ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөх боломж алга” хэмээн хариуллаа.
М.Саранцэцэг: ӨГЛӨӨНИЙ СОНИН