Хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд үнэт хувь нэмрээ оруулан буй эмэгтэйчүүдээ алдаршуулах, тэдний үйл хэргийг нийслэлийн иргэд, залуу хойч үедээ сурталчлан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхээр НЗДТГ-аас “Их хотын бүсгүйчүүд 2024” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өдгөө тав дахь жилдээ болж буй энэхүү арга хэмжээний үеэр ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ түүчээлэн, нийгэм, хойч үедээ үнэ цэн бүтээж буй салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулан урамшууллаа.
Тодруулбал:
- “Хүмүүнлэгийн салбарын шилдэг” номинацид Ц.Болормаа
- “Бизнесийн салбарын шилдэг” номинацид Л.Жавзмаа
- “Үйлчилгээний салбарын шилдэг ажилтан” номинацид Ө.Оюун-Эрдэнэ
- “Мөрдөстэй бүсгүй” номинацид Х.Баясгалан (Дэд Хурандаа)
- “Соёл, урлагийн салбарын шилдэг” номинацид Д.Отгонжаргал (Монгол Улсын Гавьяат Жүжигчин)
- “Эрүүл мэндийн салбарын шилдэг” номинацид Ц.Норов
- “Спортын салбарын шилдэг” номинацид Монголын 3х3 Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн хамт олон
- О.Хулан
- М.Цэрэнлхам
- Б.Ариунцэцэг
- Ө.Индра
- Ц.Болорцэцэг
- Э.Нарангоо
- “Боловсролын салбарын шилдэг” номинацид Г.Мөнхзул
- “Алдарт эх” номинацид Ц.Ундрах нар тодорсон билээ.
Хүндэтгэлийн арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг нээн “НҮБ-аас энэ жил Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг “Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулж байж бид цаашид өсөлт хөгжлөө сайжруулна” уриан дор тэмдэглэж байна. Энэ ч утгаараа нийслэлийн зүгээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сургууль, цэцэрлэгийн цагийг хөдөлмөрийн цагтай уялдуулах бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэн, бодлогын түвшинд анхаарч ажиллаж буйг дуулгахад таатай байна” хэмээсэн юм.