Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна. Уулзалтаар тус салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх арга замын талаар санал солилцох юм.
Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар хотын барилгажилт, баримталж буй бодлогыг танилцууллаа.
Улаанбаатар хот нэг төвт хотоос олон төвт хот болохоор зорьж буй. Ингэхдээ хоёр хотын төв, таван дэд төвийг байгуулна. Дэд төвүүдийг байгуулснаар хотын төвийг чиглэсэн хөдөлгөөн 29 хувиар буурна гэж үзэж буй. Өнөөдрийн байдлаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил дууссан бол үлдсэн гурван дэд төвийн дэд бүтцийн ажил үргэлжилж байна. Дэд төвүүдийг байгуулснаар шинээр 182,300 ажлын бий болно. Мөн 27 дугаар нэгж хороолол буюу Яармагт шинэ хотын төв байгуулна. Одоогоор төлөвлөлтийн ажил үргэлжилж байна. Өмнө нь хот байгуулалтын тухай хуульд барилгажих талбайн 70 хувь нь барилга, 30 хувь нь ногоон байгууламж байхаар заасан бол Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталснаар 60 хувь нь барилга, 40 хувь нь ногоон байгууламж байхаар болсон гэдгийг Хотын дарга хэлж байв.
Түүнчлэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төслүүдийг хэрэгжүүлнэ. Судалгаагаар Улаанбаатар хотод газар хөдлөлтөд тэсвэргүй 409, ашиглахыг хориглосон 357 барилга байна. Өнөөдрийн байдлаар 1444 өрхийн 67 барилгыг буулгаж, 3270 өрхийн 26 барилгыг ашиглалтад оруулсан юм.
Нийслэл хотод барилгын салбарын үйл ажиллагаа явуулж байгаа 700 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл тус уулзалтад оролцож байгаа бөгөөд уулзалт үргэлжилж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС