Нийслэлийн Цэргийн штабаас 2024 оны I ээлжийн цэрэг татлагын ажил эхлэх гэж буйтай холбогдуулан “Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд тулгамдаж буй асуудал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Уг арга хэмжээн дээр Цэргийн төв эмнэлэг Поликлиникийн дарга Б.Болор-Эрдэнэ “Цэргийн албанд татагдаж ирэхдээ өвчний улмаас түр чөлөөлөгдөж буй залуучуудын тоо 2022 онд 23 хувь байсан бол 2023 онд 15 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Гэвч өвчлөлийн ерөнхий тоон үзүүлэлт буурсан мэт боловч сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл тэдэнд сэтгэлзүйн бэлтгэлжилт болон орчиндоо дасан зохицох чадвар дутмаг байгаагаас үүдэн хоёр туйлт эмгэг гэх мэт сэтгэлзүйн тогтворгүй байдал үүсээд буй юм. Иймд хүүхдийг багаас нь цэрэгт татагдан эх орноо хамгаална гэдгийг ухамсарт нь суулгаж өгөх хэрэгтэй болов уу” гэлээ.