“Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ UG Arena-ийн их танхимд үргэлжилж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” гэсэн үндсэн илтгэл танилцуулгыг хийсэн юм. Хот хөдөөгөөс ирсэн 3100 гаруй оролцогчдын төлөөлөл албаны хүмүүсээс асуулт асууж хариулт авав. Малчин, хоршоологчдын хамгийн их сонирхож буй асуулт нь хөрөнгө оруулалтын зээл байв. Оролцогчдын зарим асуултад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ийм хариулт өгөв.
-Өөр, өөр сумын малчид нийлж хоршоо байгуулж болох уу?
-Болохгүй. Нэг сумын нэг багийн 9 ба түүнээс дээш айл нийлж хоршоо байгуулж болно. Хоршооны гишүүн нэг малчин айл 20-50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч болно. Харин нэг хоршоо 2 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой.
-Ийм их хэмжээний зээл өгч байхаар одоо байгаа зээлийг тэглээд өгчихвөл илүү дээр биш үү?
-Таны хүүхэд насаараа мал дээр амьдарч болно, гэхдээ нийгмийн гарлаараа дор гэж үзэгдэж болохгүй. Насаараа мал дээр амьдарсан ч нийгмийн гарлыг нь дээр хүргэж өгөх ёстой гэдэг агуулгаар хандаарай. Зээл тэглэх бол зөвхөн өнөөдрийн уушги, харин “Шинэ хоршоо” бол маргаашийн өөх. Энэ утгаар нь ойлгоорой.
-Шинээр нээгдсэн хоршоо хөрөнө оруулалтын зээл авч болох уу?
-Шинэ ч, хуучин ч мал аж ахуйн салбарт үйлдвэрлэл явуулах зориулалттай хоршоо бүр зээл авах боломжтой. Зээлийн дээд хэмжээ 2 тэрбум төгрөг. Хэрэв тэр зээлийг эрсдэлтэй гэж үзвэл хоёр мянган малчин айл нийлээд тус бүр нэг сая төгрөгийн зээл аваад нийлж болно. Эсвэл 200 малчин өрх нийлээд тус бүр 10 сая төгрөгийн зээл авч нийлж болно. Эсвэл 40 малчин өрх нийлээд тус бүр 50 сая төгрөгийн зээл аваад хоршоондоо 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж болно. Энэ нь та бүхнийг хэр зэрэг том харж бизнес хийж чадах вэ гэдгээс хамаарсан шийдвэр байх болно.