Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай болон эдгээр хуулийн төсөлтэй дагалдан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулна.
Хууль батлагдсанаар
-Улсын зэрэглэлтэй болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгоны өөрийн удирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээр нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харилцаанд оролцох эрх зүйн үндэс бүрдэнэ;
-Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар суурин газруудыг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон болгон байгуулах асуудлыг дэс дараалалтай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ;
-Улсын зэрэглэлтэй тав /Дархан, Эрдэнэт, Шинэ Хархорум, Багануур, Налайх/ хотыг, орон нутгийн зэрэглэлтэй 44 хотыг /нийслэлд 14, аймгуудад 30/, мөн дагуул гурван хотыг байгуулж, бие даан хөгжүүлнэ;
-Хот, тосгон нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээс тусдаа өөрийн удирдлагатай, санхүү, эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөл бүрдэнэ;
-Хот, тосгон өөрийн оршин суугчдадаа төрийн үйлчилгээ буюу гагцхүү засаг захиргааны нэгжээр дамжих хэрэгжих үйлчилгээг хот, тосгоноор дамжуулан хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулна;
-Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас тодорхойлсон бүсчилсэн хөгжлийн болон Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж, Хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.