Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 07:00 цагт 1900 орчим санал авах байр нээгдсэнээр Литва улсад ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ. Энэ удаагийн сонгууль бол тус улс тусгаар тогтнолоо зарласнаас хойших 8 дахь удаагийн сонгууль бөгөөд үүнтэй зэрэгцэн давхар иргэншлийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явагдаж байна.
2 сая 889 мянган хүн амтай Балтийн энэ бүгд найрамдах улсад 2 сая 385 мянган хүн санал өгөх эрхтэй байгаа нь 2019 онд болсон сонгуультай харьцуулахад саналын эрхтэй иргэдийн тоо 99,7 мянга буюу 4 хувиар буурчээ.
Литвийн Ерөнхийлөгчийг шууд нууц санал хураалтаар 5 жилийн хугацаагаар сонгодог. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 40-өөс дээш настай байх, мөн уг гарлаараа Литвийн иргэн байх, сүүлийн 3-аас доошгүй жилийн хугацаанд эх орондоо амьдарсан байх гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой.
Энэ удаагийн сонгуульд 8 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас одоогийн төрийн тэргүүн, 59 настай Гитанас Науседа, Ерөнхий сайд, 49 настай эмэгтэй Ингрида Шимоните, бие даан нэр дэвшигч, өмгөөлөгч 48 настай Игнас Вегеле нарын хооронд гол өрсөлдөөн явагдана гэдгийг олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулж байна.
Энэ удаагийн санал хураалтаар өрсөлдөгчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал аваагүй тохиолдолд эхний шатанд хамгийн олон санал авсан хоёр өрсөлдөгч оролцсон хоёр дахь шатны санал хураалт хоёр долоо хоногийн дараа явагдана.
Санал авах байрууд 20:00 цагт хаагдсаны дараа сонгуулийн урьдчилсан дүн шөнө дундаас хойш гарна гэж ТАСС мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.