Оюутолгой төслийн хүрээнд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ Канадын “Рио Тинто” компанитай Дубай хотноо хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байсан билээ. “Ингэснээр Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа эрчимжиж, улмаар Монгол Улсын эдийн засаг урагш нэг том алхах боломж бүрдлээ” гэсэн утгатай пиар явж байсан санагдана. Гэхдээ уг гэрээг дагаад Монгол Улсын эрх ашгийг хохироосон гэрээ болсон гэдэг маргаан дэгдсэн. Тус гэрээг үзэглэсэн Ч.Сайханбилэг нар ч шүүхийн шийдвэрээр баривчлагдан саатуулагдаж байлаа. Одоо уг асуудал шүүхэд шилжээд байгаа билээ.
Юутай ч “ Дархан Монгол Ногоон Нэгдэл” гэгч ТББ-ын нэхэмжлэлтэй Дубайн гэрээнд гарын үсэг зурах эрхийг хүчингүй болгох шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Шүүхийн шийдвэрт:
1. Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/,
2. Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн //Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж/,
3. Монгол улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг/ тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд хандсаныг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ гэжээ.
Д.Дорж