Дэлхийн улс орнууд коронавирусын халдвараас үүдэн гарч буй хүндрэлтэй нөхцөл байдлын хүрээнд аж ахуйн нэгжүүд болон ард түмнээ дэмжих арга хэмжээ авч эхэлсэн билээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөл хорио тогтоосон онцгой нөхцөл байдлын үед эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Засгийн газраас улс орны эдийн засаг, ард түмний амьжиргааг дэмжих чиглэлээр дараах арга хэмжээг авахаар болсон байна.
Үүнд:
1. 2020 оны 4 дүгээр сарын 1-10 дугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгж, компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэж байна.
2. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.
3. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдээс ААНОАТ авахгүй бөгөөд бүрэн чөлөөлнө.
4. Үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд олгоно.
5. Малчдаас ноолуур авахад зориулж 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна.
6. 18 хүртэлх насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10.000 төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг 30.000 төгрөг болгож байна.
7. Шатахууны үнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна.