Цагдаагийн Ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 2020 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр иргэн Л.Наранбаатарыг Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “З.Энхболдыг “Гүтгэх” зөрчил үйлдсэн гэж 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Уг торгох шийтгэлийг эс зөвшөөрч иргэн Л.Наранбаатар нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба шүүх гомдлыг хүлээн авч 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хянаад Л.Наранбаатар нь иргэн З.Энхболдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон мэдээллийг нийтийн сүлжээгээр тарааж “Гүтгэх” зөрчил үйлдсэн болохыг тогтоож, эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулсан шийдвэр нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.
2020 оны нэгдүгээр сарын 10-нд батлагдсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба дээрх хуулиар 6.21 дүгээр зүйлд заасан “Гүтгэх” зөрчил нь хүчингүй болсонд тооцсон байна.
Л.Наранбаатарын гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн тул Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Зөрчил үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Л.Наранбаатарт оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар