УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүргийн 1 дүгээр хороо Энгэр шанд, 7 дугаар хороо Өвөр шандын иргэд сонгогчидтойгоо уулзаж, “Хөгжлийн гэрээ” 2020-2024 МАН-ын мөрийн хөтөлбөрөө танилцуулав.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Бид иргэндээ ээлтэй, амьдрах таатай орчинтой нийслэл хот болох зорилт дэвшүүлэн дагуул хотуудаа хөгжүүлж, авто замаар холбон“Хөгжлийн алтан тойрог” үүсгэнэ. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэчилж, орон нутгийн хөгжлийг дэмжих хатуу болон зөөлөн дэд бүтцийн сүлжээг сайжруулна. Бүс нутгуудад уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн мега төслүүд хэрэгжүүлнэ” гэдгийг хэллээ.
Мөн төрийн байгууллагуудын хүнд суртал, албан тушаалтнуудын хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл гарсаар байгаа нь төрийн албанд итгэх иргэдийн итгэл буурах шалтгаан болж байна. Иймд төрийг тогтвортой, хүчтэй, хариуцлагатай, ёс зүйтэй болгон цэгцлэх шаардлагын үүднээс гурван удаагийн УИХ дамжин хэлэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа. Ингэснээр улс төрийн явцуу ашиг сонирхолд автан Засгийн газрыг огцруулахыг хязгаарлаж, Засгийн газар тогтвортой, үр дүнтэй ажиллах эрх зүйн үндэс тавигдсан гэдгийг нэр дэвшигч С.Амарсайхан онцлов.
“Ирэх дөрвөн жилд амжилттай хэрэгжиж байгаа бүх төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлж, улам өргөжүүлж, үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэн, 150 мянган ажлын байр шинээр бий болгоно.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулах гээд олон томоохон зорилтуудыг МАН “Хөгжлийн гэрээ” 2020-2024 мөрийн хөтөлбөртөө тусгасан” гэдгийг мөн УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир иргэд сонгогчиддоо дуулгасан юм.
Энэ үеэр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг багаар нь дэмжихээ иргэд, сонгогчид илэрхийлж, санал хүсэлтээ хэлэн, өнгөрсөн хугацаанд Налайх дүүрэгт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
Налайх дүүргийн 1 дүгээр хорооны өндөр настан Д.Дамдинжав “У.Хүрэлсүхийн тэргүүлсэн энэ Засгийн газар богино хугацаанд олон үр дүнтэй ажлыг хийж хэрэгжүүллээ. Дэлхий нийтэд тархаад байгаа Ковид-19 халдварт цар тахлын энэ хүнд үед авч хэрэгжүүлж байгаа ажил нь бас мундаг байгааг хэлэхийг хүсч байна. Мөн олон жил хүлээсэн нефтийн үйлдвэр ашиглалтад орох гэж байгаа гээд энэ Засгийн газрын хийсэн бүтээсэн зүйл их. Манай тойрогт нэр дэвшиж байгаа энэ хоёр залуугийн хувьд нутаг орондоо хийсэн бүтээсэнтэй, ард түмэндээ танигдсан хүмүүс. Эхлүүлсэн олон үр дүнтэй ажлуудыг нь цаашид үр дүнтэй үргэлжлүүлэх үүднээс ахмад настны хувьд энэ хоёр залууг дэмжинэ. Дүүргийнхээ иргэдийг ч гэсэн энэ залууд итгэл хүлээлгээрэй гэж захиж хэлмээр байна” гэсэн юм.