“Голомт капитал ҮЦК” ХХК-ийн “БИД” ББСБ ХХК-тай хамтран хөрөнгө оруулагчдад санал болгож буй эрсдэл, татвар багатай, өндөр өгөөжтэй “БИД” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг нээж цан цохих ёслол өнөөдөр боллоо.
Хөрөнгийн зах зээл хөгжсөн улс орнууд эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж, иргэд нь аз жаргалын индекс, амьдралын чанараараа ялгарч байдаг. Ийм л ирээдүйг та бидэнд ойртуулахад бодит хувь нэмрээ оруулж чадах Чингис хаанаараа овоглосон нэгэн шинэ Хөрөнгийн бирж өнөөдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Ийнхүү ЧИНГИС ХААН Хөрөнгийн бирж нь үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын гуравдахь мэргэжлийн байгууллага болж байна. Хөрөнгийн биржийн нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун нар оролцлоо.
ЧИНГИС ХААН Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Ц.Сономцэрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Чингис хаан Хөрөнгийн бирж маань Чингисийн агуу Монголыг дахин бий болгож, даян дэлхийд энх амгалан авчирч, үзэл суртал, эдийн засгийн сөргөлдөөнтэй амаргүй үед сайн сайхан цагийн эхлэл болоосой гэж хүсч байна. Монгол Улсын мандан бадралын эхлэл болсон энэ сайхан үйлсийг бүгдээрээ эхлүүлье. Би бус бид. Бид бус Монгол түмэн, цаашилбал дэлхий нийтээрээ их үйлсийн төлөө нэгдэе” хэмээн онцлоод Хөрөнгийн биржийн арилжааг нээж эхний цанг цохив. Тэрбээр мөн Монголын хөрөнгийн зах зээлд бас нэгэн шинэ боломж, шударга өрсөлдөөнийг эхлүүлж буй ЧИНГИС ХААН Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахыг нийт монголчууд, аж ахуйн нэгж, компаниудад хандан уриаллаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг бодлогоор шат дараатайгаар дэмжинэ хэмээн зориуд тодотгосон нь хөрөнгийн зах зээл улсын эдийн засгийн хөгжлийг түүчээлж байдгийн илэрхийлэл болсон юм.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун “Өнөөдөр их сайхан өдөр тохиож байна. Чингис хаан Хөрөнгийн биржийн нээлт, “БИД” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг нээж цан цохих ёслол болж байна. Монголын хөрөнгийн зах зээл олон тулгуурт болоход Хөрөнгийн бирж, банк бус санхүүгийн байгууллагын үүрэг их байдаг. Чингис хаан Хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн зах зээлд томоохон тоглогч болж олон олон цан цохих үйл ажиллагааг нээгээрэй” хэмээгээд биржийн хамт олонд баяр хүргэж амжилт хүсэв.
ЧИНГИС ХААН Хөрөнгийн биржийн эрхэм зорилго нь баялаг бүтээгч үндэсний компаниудыг хямд өртөг бүхий урт хугацаат санхүүгийн эх үүсвэрээр дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, олон улсын стандарт, засаглалын шилдэг туршлагуудыг нэвтрүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулахад оршиж байгаа аж.
Д.Лхагва