Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.
Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
- 40 сумнаас 37 онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Засагт хан клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Баатарын Дашзэвэгт Монгол Улсын “Мэргэн” цол
- 40 сумнаас 35 онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер Хорлоогийн Цогбаярт Монгол Улсын “Гарамгай харваач” цол
- 40 сумнаас 35 онож гуравдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Монгол Улсын спортын мастер Нармандахын Алтансүхэд Монгол Улсын “Гоц харваач” цол олголоо.
Үндэсний сурын харваанд эмэгтэй харваачдаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
- 40 сумнаас 37 онож түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын уугуул, “Алдар ЖЕМ” багийн харваач Монгол Улсын мэргэн Дамирангийн Норжмаад Монгол Улсын “Даян мэргэн” цол тус тус олголоо.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваан төрөлд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн багийн тамирчдад шагнал гардууллаа.
Шагайн харвааны тэргүүн байрыг Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн Болд Төмөр Ерөө компанийн баг, тамирчид эзэллээ. Хоёрдугаар байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай Улаанбаатар төмөр замын баг, гуравдугаар байрт Монгол Улсын хошой мэргэн Д.Чүлтэм ахлагчтай Баянхонгор аймгийн баг тамирчид шалгарсан юм.