Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд бөгөөд УОК-ийн дарга С.Амарсайхан нарыг Улсын Онцгой комиссын Шуурхай штабт ажилллах үеэр Эрдэмтдийн зөвлөлөөс хатуу хөл хориог 14 хоног тогтоох санал гаргаж байгааг мэдэгдлээ. Тухайлбал, УОК-ийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Д.Улам-Оргих “Ирэх бямба гарагаас эхлэн 16 хоног хөл хориог тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын 6-наас эхлэн 21-нийг дуустал хөл хорио тогтоох нь цар тахлыг хянаад явах сүүлийн боломж. Хавар дулаарч, хүний хөдөлгөөн ихэсвэл халдварын тархалт хяналтаас гарна. Хэрвээ хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлэгт хэвтэх хүний тоо 3000 болж, дийлэхгүйд хүрч хүнд өвчтөнийг эмчлэх, гэрт нь хязгаарлах гэхчилэн олон улсын жишигт орохоос өөр аргагүй. Ийм байдал үүсвэл нийт өвчлөгчдийн хоёр хувь нь амиа алдах тооцоолол бий. Харин хөл хорио тогтоовол эмнэлгийн ачааллыг 1,000 орчимд барьж, нас баралтыг бага түвшинд барина. Үгүй бол байдал хүндэрч, цар тахлын аюул жинхэнэ утгаараа эхэлнэ” гэлээ.