ЕБС-ийн танхимын сургалтыг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр, ЕБС-ийн танхимын хичээлийг эхлүүлэх гурван үндэслэл, шаардлага байгааг мэдээллийн үеэр тэмдэглэв. Тухайлбал, нэгдүгээрт, энэ сард цаг агаар хүйтэн байх төлөвтэй, хоёрдугаарт, томуу, томуу төст өвчний оргил үе хоёрдугаар сард тохиодог. Гуравдугаарт, Цагаан сарын баяраар хөл хорио тогтоох урьдчилсан мэдээлэл байгааг онцлоод, бэлтгэлээ хангаж, танхимын сургалтыг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх шаардлагатай хэмээсэн юм.
Нэг хичээлийн жилд сурагч 165-180 хоног хичээллэх ёстой бол ноднин цахим, теле хичээлд сурагчид 80 хоног хамрагджээ. Ингэснээр, сурагчдын 70-80 хувь нь хичээлийн хоцрогдолд ороод буйг тодотголоо. Түүнээс гадна цахим, теле хэлбэрээр хичээл орох үед 174 мянган хүүхэд гар утас, компьютергүй, эсхүл интернэт, сүлжээгүй газар байна гэсэн судалгаа гарчээ. Нийслэлд гэхэд л, гэр нь цахилгаанд холбогдоогүй 30 мянган өрх байгаа аж.
Дээрх асуудлаар БШУЯ-наас УОК-т саналаа хүргүүлэх бөгөөд Засгийн газар эцэслэн шийдвэрлэх юм. Нийслэлд зарим сургуулийг PCR шинжилгээний сорьц авах цэг болгосон тул гуравдугаар сарын 1-нээс өмнө ариутгал, халдваргүйтгэлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тэмдэглээд, нийслэлд сургуулийн танхимын хичээл эхлүүлэх асуудлаар хотын даргатай баасан гарагт уулзаж, тодорхой шийдэл гаргана хэмээлээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.