Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ XVII жарны Цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн нэгний мэндчилгээ дэвшүүлэв.
Амархан сайн байцгаана уу?
Ашдын билэгтэй шинийн нэгний мэнд дэвшүүлж, Монгол Улсын айл өрх, иргэн бүхэнтэйгээ алсын зайнаас алгаа дэлгэн золгож байна аа!
Эх оронд маань төдийгүй, эргэх дэлхийн хүн төрөлхтөнд өнгөрч буй хулгана жил хүндхэн сорилтыг авчирлаа. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн огцом зогсолт 2009 онд тохиосон дэлхийн санхүүгийн хямралаас гурав дахин хохирол учруулсныг эдийн засагчид онцолж байна. Бид 10 сарын турш энэ өвчнийг дотооддоо алдалгүй барьж чадсан ч энэхүү гамшиг биднийг бүтэн тойрсонгүй ээ. Цар тахлаас үүдэн нэгхэн жилийн өмнө 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг маань -6% болж агшлаа. Энэ үзүүлэлтүүдээс улбаалж эдийн засагт, зах зээлд эргэх ёстой найман их наяд төгрөг гацсан байна. Монголчууд бид эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч эмчлэх хүндхэн сорилттой нүүр тулж байна. Эвлэлдэн нэгдэх бүртээ хүчирхэгжин хөгжиж, талцан хуваагдах болгондоо уруудан доройтсоныг монголчууд та бидний эх түүх нотолдог. Бид хамтын итгэлцэл, тэсвэл тэвчээр, нэгдмэл “Алсын хараа”, сургаар биш судалгаанд үндэслэсэн цогц бодлогоор л энэ хүндрэлийг даван туулж чадна. Гацсан эдийн засгийн цусны эргэлтийг хурдасгаж, зогссон ажлын байрыг эргэн сэргээхээс өөрөөр цар тахлаас улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ямар ч боломжгүй юм. Тиймээс Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг батлаж, хэрэгжүүлж эхлэхэд бэлэн боллоо. Энэ төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засаг сэргэж, иргэн, өрх бүрийн амьдрал урьдын хэмнэлд орно гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байна.
Шинэ, идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягт цаг алдалгүй шилжиж, эдийн засгаа нээх бэлтгэл хангагдахад “Нэг хаалга-Нэг шинжилгээ” туйлын чухал. Шинийн нэгний өглөө үүргээ гүйцэтгэж буй, өргөсөн тангарагтаа үнэнч төрийн албан хаагчид, нийт олныхоо төлөө нэг зорилгын доор нэгдэж, гэр гэртээ шинэлж байгаа ард иргэддээ гүн талархал илэрхийлье.
Энэ арга хэмжээний дараа нийт иргэдээ вакцинжуулах ажлыг нэн даруй эхэлнэ. Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засаг, нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах болно.
Монгол ахан дүүсээ! Амны билгээс ашдын билэг гэдэг ардын сайхан үг бий. Хулгана жил хулжин одож, эзэндээ ээлтэй үхэр жил морилон ирлээ!
Удахгүй шинэ төлийн дуу цангинаж, шинэ бүхэн сэргэх болно. Шинийн нэгний өглөө шинэ бодлого, шинэ хандлага, шинэ улс төрийн соёлоор шинэ Засгийн газар ажиллах болно гэдгээ нийт ард түмэндээ илэрхийлье.
30 хэмийн хүйтэнд 30 мянган монгол хүн төв талбайдаа цуглаж, өнгөрсөн 30 жилийг цэглэж, цоо шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүссэн иргэдийнхээ итгэл тээсэн харцыг би хэзээ ч мартахгүй ээ.
Хүн бүрт хүртээмжтэй эдийн засагтай, байгалийн баялагтаа иргэд нь эзэн болсон, хангалуун дундаж давхарга зонхилсон, хөгжин дэвжсэн, хувь хүн биш хууль засагладаг шударга төр, засагтай шинэ Монголыг цогцлоох ажил амар байхгүй нь ойлгомжтой.
Монгол Улсын Засгийн газар эс үйлдэл хийхгүй ээ. Магадгүй өнөөдөр давс мэт шорвог ч, хожмын Монголд амин тустай зоримог, хатуу, хүнд шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргах болно.
Төв талбайд итгэн цугласан шигээ Монгол Улсын Засгийн газартаа эргэлзэлгүй итгэж, хүнд үеийг хамтдаа туулна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бүрнээ итгэж байна. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого ирж буй үхэр жил бодитоор хэрэгжиж эхэлсэн гарааны жил байх болно.
Эцэг дээдэс минь 30 жилийн дотор дэлхийн түүхийг өөрчилсөн шиг эх орон минь 30 жилийн дотор эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлсэн АЗИЙН ИХ ХҮЛЭГ УЛС болон хөгжих болтугай. Мөнх хөх тэнгэр биднийг өнөд ивээх болтугай!