Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоож, хүнсний дэлгүүр, ресторан, кафены ажиллах цагийг богиносгосон. Энэ нь үр дүнгээ өгсөн. Гэхдээ хөл хориог цуцалснаар дэлгүүрүүд 24 цаг хүртэл ажилладаг боллоо. Уг нь ядаж 22 цагаас хойш архи зарахыг болиулмаар байна гэдгийг оршин суугчид хэлж байна. Тухайлбал, БЗД-ийн 5 дугаар хорооны иргэн С.Жүгдэр “Манайх Жуковын хөшөөний зүүн хойно байдаг хотхонд амьдардаг. Хотхоны байрууд бүгдээрээ дэлгүүртэй. Зарим байранд нь хоёр дэлгүүр ажиллаж байна. Бүгд архи зарах эрхтэй гэсэн. Уг нь орон сууцны нэг давхарт архи зарах зөвшөөрөл олгох хууль дүрэм байдаггүй байх аа? Хөл хорионы үеэр 21 цагт дэлгүүрүүд хаалгаа барьснаар хөл хөдөлгөөн эрс багасч, оршин суугчдын амгалан тайван амьдрах нөхцөл сайжирсан. Гэтэл хөл хориог цуцалснаар дэлгүүрүүд буцаад 24 цаг хүртэл ажилладаг боллоо. Энэ нь ялангуяа урин дулааны улиралд оршин суугчдад халгаатай шийдвэр гэж бодож байна. Шөнөжин цонхны дор согтуу хүмүүс орилолдож, эрсдэлтэй орчин үүсдэг юм. Архи зарах цагийг богиносгооч. АНУ-д гэхэд 22 цагаас хойш архи зардаггүй, 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдаалахыг хориглодог. Бид ч гэсэн хамаг гэмт хэргийн үндэс болсон архины худалдаан дээр хатуу хяналт тавих хэрэгтэй байна. 18-аас доош градусын пиво, виног заруулахад цааргaлах юм алга. Дэлгүүрийнхэнд мөнгө хэрэгтэй бол иргэдэд амар тайван, эрсдэлгүй орчин илүү чухал байна. Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн заалт хэрэгжих цаг болсон” гэлээ.
Д.Гэрэл