Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээтэй уулзлаа. Т.Чимгээ нь хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Энэ үеэр Т.Чимгээ хэвлэлийнхэнд анх удаа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Намайг ямар ч нотлох баримтгүйгээр Амгаланбаатар гэдэг ялтны үгээр ялласан. Тэр хүний хэлсэн ярьсныг нотлох баримт болгосон. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Эрүүл мэнд, сэтгэл санаа, үр хүүхдээр минь хохирсоон. Бүтэн таван жил гаруй тарчлаан зовоож, тамалсан. Хар дарсан зүүд шиг таван жилийг арай ядаж өнгөрүүлсэн. Намайг хоригдож, байцаагдаж байх хугацаанд миний том охин осолд орж, нас барсан. Би охиныхоо үхлийг энэ хэрэгтэй холбоотой гэж бодож байгаа. Би үр хүүхдийнхээ амиа алдсан хэргийг шалгуулах хүсэлтэй байгаа. С.Зоригийн амь насыг хохироосон хэрэг гарсан өдөр би Дорноговь аймагт ээж дээрээ байсан” гэлээ.