Нэгэн сүлжээ дэлгүүрт орлоо. Уг нь дүрэм, журмаар бол халдвар, хамгааллын хувцастай тусгай ажилтан орж ирсэн үйлчлүүлэгчдийн халууныг үзэж, QR кодоо уншуулж, гараа ариутгахыг анхааруулах ёстой. Гэтэл тэр дэлгүүрт халдвар, хамгааллын дэглэмийг сахин биелүүлж байгаа шинж огт алга. Тэр ч бүү зохион байгуулагч гэх хүмүүс нь худалдан авагчдын зайг бариулах тал дээр өчүүхэн ч санаачилга гаргахгүй байна. Ер нь сүүлийн үед худалдааны төвүүд, супермаркетуудад хараа хяналт эрс суларсан нь хэний ч нүдэнд илхэн байна. 8 нэрийн гэх дэлгүүрт бол асуудал бүр хэцүү. Шулуухан хэлэхэд худалдааны төв, супермаркет, 8 нэрийн дэлгүүр, ТҮЦ зэрэг олны хөлийн газрууд халдвар, хамгааллын дэглэмийг оромдох болжээ. Ямар ч сэтгэл алга. Зарим нь цар тахлын үед хэрхэн ажиллах дүрэм журмыг баримталж байгаа дүр ч эсгэхгүй байна. Ийм байхад нөхцөл байдал ямар түвшинд байх нь ойлгомжтой. Уг нь тэдний оршин тогтнох үндэс нь Хэрэглэгч-Худалдан авагч биз дээ?! Орлого оруулдаг хүмүүс нь эрүүл байж тэд мөнгө олох нь энгийн логик!
Д.Лхагва